Эрчүүд уйлж, эмэгтэйчүүд ч техникийн зөвлөгөө өгч болно

| Нийтэлсэн Mar 16, 8:08 | НИЙГЭМ

Үзсэн : 346

                                           gender-equality_650x400_71452489946

Манай улс Азийн бусад оронтой харьцуулахад хүйсийн ялгаатай байдал харьцангуй бага. Гэхдээ хүмүүсийн санаатай болон санамсаргүй гаргадаг жендэрийн хэвшмэл ойлголт, хандлага, бие сэтгэлийн хүчирхийлэл одоо ч их байсаар. Хүйсийн эл тэгш бус байдалтай холбогдуулан Жендэрийн үндэсний хорооноос НҮБ-ын "Хүн амын сан", Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран гуравдугаар сарын турш “Харилцан хүндэтгэе” аяныг зохион байгуулж буй аж. Өмнөх жилүүдэд зөвхөн эрчүүд юм уу, эсвэл эмэгтэйчүүдэд чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулдаг байсан нь хүртээмж муутайг харуулна. Тухайлбал, эрчүүдэд зориулсан ажил явуулахад эмэгтэйчүүд нь “Миний хэрэг биш” гэж орхигдуулдаг. Эсрэгээр эмэгтэйчүүдэд зориулсан арга хэмжээнд залуусын оролцоо бага байх жишээтэй. Иймд “Хайраа хайрлая, хандлагаа өөрчилье, хамтдаа үлгэрлэе” гэсэн эерэг уриатай, эрчүүд, эмэгтэйчүүдийг тэгш хамруулах зорилтот аян өрнүүлж буй юм байна.

Аянд төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудыг хамруулан, улс орон даяар өргөн хүрээтэй нөлөөллийн ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр зорьжээ. Одоогоор аянд 26 байгууллага нэгдэж, өдөрлөг, тэмцээн, нөлөөллийн ажлууд өрнүүлж байна.

                                              Erhee Tegshee poster1

Манайд хүйсээр ялгаварласан хэвшмэл буруу ойлголт, хандлага доор дурдсанчлан түгээмэл бий.

Ø Эрэгтэй хүн их мөнгө олох ёстой

Ø Гэр цэвэрлэх эмэгтэй хүний ажил

Ø Нөхрийг ажлаас ирэхэд хоол, цай бэлэн байх ёстой

Ø Найз залуу, нөхөр, аавууд л хүчирхийлэгч байдаг

Ø Эмэгтэйчүүд л хүүхдээ харж, гэртээ суух шаардлагатай

Ø Хүүхдээ эмчид үзүүлэхэд эхнэр орсон нь дээр

Ø Эрчүүд эрүүл мэнддээ анхаардаггүй

Ø Хамаг сайн бүтээгдэхүүн, хүнсний нэмэлтүүд бүсгүйчүүдэд л зориулсан мэт

Ø Нөхрийн гоо сайханд “үсний гель, шампунь” байхад л болно

Ø Эр хүн хатуужилтай байх хэрэгтэй

Ø Эр хүн уйлах муухай

Ø Хүүхнүүд жолоо муу барьдаг

Ø Эмэгтэй хүн техникийн мэдлэгтээ маруухан

Ø Эмэгтэй хүн удирдах албан тушаалд муу

Ø Дэлгүүрээс хүүхнүүд л хүнс цуглуулдаг

Ø Эр юм байж “шалчиганаад гэхчлэн хэвшмэл ойлголт түгээмэл байдаг. Түүнчлэн удирдах албан тушаал, ажил мэргэжил, нийгмийн олон салбарт хүйсээр ялгавартай хандах байдал цөөнгүй. Эдгээр тогтсон хэв маягийг өөрчлөхийн тулд дараах байдлаар харилцан биендээ хүлээцтэй хандаж, хэвшицгээе.

Тогтсон хандлагаа эмэгтэйчүүд ингэж өөрчилье

                                   Erhee Tegshee5

-Нөхөр минь ганцаараа мөнгө олох ёстой биш. Би ч гэсэн нэмэр оруулж чадна.

-Эмэгтэй хүн ч найз залуу, нөхрөө хүчирхийлдэг. тиймээс бүсгүй та уур бухимдлаа дарж, хэлж буй үг, үйлдлээ хянах хэрэгтэй.

-Эр хүн ч гэсэн хүн хэцүү үед шантарч болно. Уйлж, сэтгэлээ онгойлгож болно.

- Нөхрүүд гоо сайханд орох, арьсаа арчлах, эрхлэх, хайрлуулах эрхтэй

Хамтдаа урт удаан, аз жаргалтай амьдрахын тулд нөхрүүдийнхээ эрүүл мэндэд санаа тавиарай.

Эрчүүд ч бас эерэг хандлагатай болоорой

-Эхнэр минь заавал гэрийн ажилд нухлагдах албатай биш. Би ч гэсэн хийж тусалъя.

-Эхнэр минь зөвхөн миний санхүү, үзэл бодолд захирагдалгүй өөрийн гэсэн цалин орлоготой болж, нийгэмд байр сууриа олж, ажиллах эрхтэй.

-Оройн хоол хийгээгүй байсан ч яах вэ. Хань нь хийлцье, яи минь ядраад амжаагүй байх л даа.

- Хүүхдээ харж, гэртээ байдаг гээд хань минь ажилгүй гэсэн үг биш шүү. Хэрэв тийм биш бол хэн нэгэнд төлбөр төлж л энэ ажлыг хийлгэх болно.     

-Хань нь хүнсээ цуглуулаад, хүүхдээ үзүүлээд ирье

-Эмэгтэй хүнээс ч техникийн мэдлэг, туслалцаа авч болно

-Жолоо барих эмэгтэйчүүдээ ч хүндэлье гэх зэргээр биенээ ойлгож харилцдаг болгох нь тус аянаас хүлээж буй гол үр дүн аж.

Э.Номин-Эрдэнэ

 

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол