24,Sep 2023
| Нийтэлсэн May 4, 11:11 | НИЙГЭМ
Ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэлснээс хойш төрөөс зургаа орчим их наяд төгрөгөөр санхүүжүүлсэн байна. Эл зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүг бууруулах, урьдчилгаа төлбөрийг багасгах, олон улсын жишигт нийцүүлэн илүү боловсронгуй болгох зэрэг асуудлаар Шадар сайд болон Монголын ипотекийн корпорацын удирдлага тэргүүтэй албаныхан тавдугаар сарын 3-нд уулзлаа.
Засгийн газраас Ипотекын хөтөлбөрийн санхүүжилтийг ихэсгэн, хоёр их наяд төгрөг нэмэхээр шийдвэрлэсэн. Энэхүү хоёр их наяд төгрөгийн санхүүжилтээс 2021 оны эцсийн байдлаар нэг их наядын зээл гаргаж, 14 мянга гаруй өрх орон сууцын хөтөлбөрт хамрагджээ. Харин энэ онд 10 мянга орчим айл өрхөд зээл олгохоор төлөвлөсөн ч одоогийн байдлаар гүйцэтгэл дөнгөж 25 хувьтай буюу 2000 хүрэхгүй айл өрх л хамрагдаад байгаа аж.
Иймд цаашид удаашраад байгаа шалтгааныг илрүүлж, шийдвэрлэхээр ажиллах болсон байна. Мөн энэ үеэр ипотекийн орон сууцын зээлд хамрагдсан иргэдийн сар бүрийн төлбөрөөс МИК дунд нь хувь авдаг тухай асуудлыг хэлэлцсэн юм.
Ипотекийн зээлийн жилийн хүү найман хувь байхад буюу 2013-2020 онд нийт санхүүжилтийн 90 хувийг Монголбанк, 10 хувийг арилжааны банкууд гаргаж ирсэн. Хүүг зургаан хувь болгосноос хойш Монголбанк 60, арилжааны банкууд 40 хувийн санхүүжилт гаргах болжээ. Гэтэл Монголын ипотекийн корпорац санхүүжилт гаргадаггүй, хоёрдогч зах зээлээс хөрөнгө оруулалт татдаггүй хэрнээ иргэдийн зургаан хувийн зээлийн төлөлтөөс 1.25 хувийг нь үйл ажиллагааны зардал болон эрсдлийн сан нэрийдлээр дундаас нь авч иржээ. Зөвхөн 2014-2018 онд нийтдээ 282 тэрбум төгрөгийн хүүгийн цэвэр ашгийг МИК авсан тухай баримт санхүүгийн аудитын тайланд байгааг энэ үеэр хэлсэн юм.
МИК-ын өмчийн хэлбэр нь олон нийтийн хувьцаат компанийн статустай гэх боловч нийт хувьцааны 73.75 хувийг нэг хүний хамаарал бүхий нэгдмэл сонирхолтой компани эзэмшдэг гэв. Мөн Монголбанк, Хөгжлийн банк нийлээд МИК ОССК-ийн хувьцаанаас 17.23, бусад арилжааны банкууд нийлээд 9.2, үлдсэн нэг хүрэхгүй хувийг иргэд эзэмшдэг тухай ажлын хэсэг мэдээллээ.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ