Хогийн ургамал устгадаг хорт бодистой электрон тамхиар хүүхэд, залуус “гангарч” байна

| Нийтэлсэн Apr 13, 14:02 | НИЙГЭМ

Үзсэн : 645 19

teen_youthvaping_dmt (2)

Нэгэн танил дүүтэйгээ саяхан уулзахад шинэ “хобби”-той болсон байв. Өөр найз минь ч хорт зуршлаа орхихын тулд электрон тамхи хэрэглэж буйгаа ярилаа. Утаат тамхийг бодвол үнэртэхгүй, хаана ч татах боломжтой, гаатай, зарим нь жимсний амттай гээд таатай мэдрэмж төрүүлдэг гэнэ.

Электрон тамхины хор хөнөөлийг мэдэх хүртэл үнэндээ эл бүтээгдэхүүнийг хэрэглэж буй хүмүүсийг хараад “Хорт зуршлаа орхих гэж хичээж байна даа” хэмээн бодож, сайшаадаг байлаа. Гэвч тус тамхинд төсөөлснөөс ч илүү хор нуугдаж байдгийг саяхнаас л мэдэв. Энэ бүтээгдэхүүний хор уршгийг мэргэжилтнүүд удаа дараа анхааруулах хүртэл борлуулагчдын худал сурталчилгаанд нийтээрээ итгэсэн гэсэн үг. Тэд электрон тамхийг хоргүй, никотингүй, утаат янжуураас гаргах шалгарсан арга хэмээн олон нийтийн “тархийг угааснаар” эл бүтээгдэхүүнийг хүмүүс бие биедээ санал болгон, өдгөө бохь шиг зарагддаг болжээ.

Электрон тамхи дам тамхидалтыг бууруулдаг ч найрлагад нь никотин (донтуулах), карсиноген (хавдар үүсгэгч), бензол (хорт хавдар тусах эрсдлийг нэмэгдүүлдэг), акролеин (хогийн ургамал устгахад ашигладаг бөгөөд уушги гэмтээх аюултай), диацетил (уушгины өвчин үүсгэх эрсдэлтэй) зэрэг хорт бодис ордгийг судлаачид тогтоожээ. Мөн донтуулагч бодис нь өөр төрлийн хорт зуршилд өдөөгдөх эх үндэс болох аюултай гэнэ. Үүнээс гадна электрон тамхийг хэтрүүлэн хэрэглэх магадлал тун өндөр аж. Учир нь эл тамхи янжуур шиг нэг удаа татаад дуусдаггүй тул хэтрүүлэх эрсдэлтэй юм байна. Хэтрүүлсэн тохиолдолд дотор муухайрч, толгой эргэх, бие сульдах зэрэг шинж тэмдэг илэрдэг.

Хүмүүс утаат тамхинаас татгалзаж, цаашлаад бүрмөсөн орхих зорилгоор электрон тамхи хэрэглэдэг ч хорт зуршлаа хаясан хүн тун цөөн байдгийг америкчууд судалгаагаар тогтоожээ. Харин эсрэгээрээ тэдний олонх нь утаат болон электрон тамхийг давхар хэрэглэдэг нь харамсалтай. ---

Утаат тамхинаас татгалзах зорилготой хүмүүсээс гадна огт ийм зуршилгүй хүн, ялангуяа өсвөр насныхан электрон тамхийг "гангараа" гэж ойлгон, хэрэглэх нь олширчээ. Тус барааг Монголд өмнө нь ихэнхдээ цахимаар худалддаг байсан бол сүүлийн жилүүдэд хүнсний дэлгүүрүүд нүдэнд өртөх газар байрлуулдаг болсон нь харамсалтай. Энэ нь элдэв шинэ, содон зүйл турших сониуч зандаа хөтлөгдөн яваа өсвөр насныхныг “урхидах” нэг хэлбэр болж буй.

Эрэлт ихсэхийн хэрээр импортлогчид ч олширч, улмаар хуурамч, орц, найрлага нь тодорхойгүй бүтээгдэхүүнүүд хяналтгүй зарагдаж буйг мэргэжилтнүүд анхааруулж байна.

Хил хаалттай, ачаа бараа гацсан өнгөрсөн онд гэхэд л 2.7 сая гаруй электрон тамхи оруулж ирсэн нь энэ барааны эрэлт хэчнээн их болохыг илтгэнэ. Харин он гарснаас хойш 216 мянган ширхгийг импортолсон мэдээ байна. ---

Электрон тамхинд янжуур шиг онцгой албан татвар төлүүлдэггүйгээс гадна хилээр нэвтрүүлэхдээ импортлогчид цахилгаан хэрэгсэл, төхөөрөмж зэрэг нэрээр оруулдаг нь их хэмжээгээр, хяналтгүй зарах шалтгаан болсоор.

Алсдаа аюул дагуулах энэ хорт бүтээгдэхүүнээс хүүхэд, залуусаа аврахын тулд Тамхины хяналтын тухай хуульд нэн даруй нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатайг зарим эрх баригч онцлон, хуулийн төсөл боловсруулж буй. Электрон тамхинд онцгой албан татвар ногдуулан, импортыг хянаж, хэрэглээг нь бууруулахад чухал түлхэц болох эл төслийг эрх мэдэлтнүүд дэмжиж, бодит ажил болгоосой.

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол