Дотоод орчны агаарын бохирдол хорт хавдрын шалтгааны хоёр дахь хүчин зүйл болж байна

| Нийтэлсэн Mar 10, 9:09 | Эрүүл мэнд

Үзсэн : 363

Дотоод орчны агаарын бохирдол хорт хавдар үүсгэх хоёр дахь шалтгаан болж байна 

Хүн амьдралынхаа нийт хугацааны 90 орчим хувийг ажлын байр, гэр орон болон бусад “битүү” орчин, нөхцөлд өнгөрүүлдэг байна. Өөрөөр хэлбэл, эл хугацаанд хүн дотоод орчны агаараар амьсгалдаг гэсэн үг.  Гэтэл бидний эрүүл мэндэд дотоод орчны буюу ахуйн агаарын бохирдол хамгийн их сөргөөр нөлөөлдгийг ДЭМБ-аас тогтоосон байдаг. Тэр ч бүү хэл, хорт хавдрын шалтгааны хоёр дахь гол хүчин зүйл нь үүнээс болдгийг тус байгууллагынхан судалгаагаар тайлагнасан байна.

Тамхины утаа, хоолны хиншүү хярвас, тоос, тоосонцор, угаалга, цэвэрлэгээ болон гоо сайхны бүтээгдэхүүн, ариун цэврийн өрөөний эвгүй үнэр, ахуйн түлш, тавилга, барилгын материалаас ялгарах хий зэрэг нь дотоод орчны агаарын чанарт муугаар нөлөөлөгч гол эх үүсвэрүүд аж. Эдгээр нь агаарт дэгдэж, нүүрстөрөгчийн дутуу болон азотын давхар ислийг үүсгэн, улмаар арьс, амьсгалын замаар хүний биед нэвчиж, уушгины хатгалгаа, хавдар, зүрхний шигдээс, цус харвалт, мөгөөрсөн хоолойн багтраа зэрэг өвчин үүсгэдэг аж. Тиймээс бид гадаад гэхээсээ илүү ахуйн агаарын чанарт анхаарлаа хандуулах ёстой болж байна. Үүнээс хэрхэн сэргийлэх талаар дараах зөвлөгөөг хүргэе.

274800267_365644945415878_702109300802784580_n

Indoor-Air-Pollution0318-1

  1. Өрөө, тасалгаандаа тамхи татахгүй байх нь чухал. Америкийн Цээжний хөндийн нийгэмлэгийн ахлах зөвлөх, анагаах ухааны доктор Норман Эдельман “Дам тамхидалт нь амьсгалын замын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Үүний улмаас жилд 3000 орчим хүн уушгины хорт хавдраар нас бардаг” хэмээжээ.
  2. Бие зассаны дараа ариун цэврийн суултуурын тагийг хааж хэвшээрэй. Учир нь суултуурын хоолойноос бохирын хий ялгарч, таны гэрийн агаарыг “утна”.
  3. Дууссан зайг зориулалтын газар нь даруй тушаах, ашиглаж дуусаагүй бол битүү саванд хадгална уу. Ингэх нь түүнээс ялгарах хорт хийг хязгаарлана.
  4. Угаалгын нунтаг болон бусад цэвэрлэгээний бодисыг онгойлгосны дараа сайн таглах хэрэгтэй. Ялангуяа уутан савлагаатай угаалгын нунтгийг тагтай саванд шилжүүлэн хадгалах нь зүйтэй. Гадаадын орнуудад үүнд зориулсан тусгай сав хүртэл худалдаанд гаргадаг нь учиртай.
  5. Ариун цэврийн болон гал тогооны өрөөний агааржуулалт, хиншүү сорогчийг тогтмол ажиллуулж хэвшээрэй. Хоол хийсний дараах үнэр ч гэр доторх агаарыг бохирдуулдаг.
  6. Гэртээ цэвэрлэгээ хийсэн даруйд салхивчаа нээж, агаарыг ойр, ойрхон сэлгээрэй.
  7. Амьтан тэжээдэг бол тогтмол усанд оруулахаас гадна үс, ноосыг нь тоос сорогчоор цэвэрлэх нь үр дүнтэй.
  8. Хивс дэвсэхээс аль болох татгалзана уу. Энэ нь их хэмжээний тоос, тоосонцорыг өөртөө татдаг бөгөөд элдэв үнэрийг ч шингээдэг байна. Орчин үеийн минималь хэв маягт хивс, овор ихтэй зөөлөн буйдангаас зайлсхийхийг зөвлөдөг.
  9. Арц, хүж, үнэртэй лаа, эфирийн тос, агааржуулагч зэргийг болгоомжтой хэрэглээрэй. Эдгээр нь мөгөөрсөн хоолойн харшил үүсгэж, улмаар багтраа өвчний суурь шалтгаан болох магадлалтай.
  10. HEPA шүүлтүүртэй гал тогооны агаар цэвэршүүлэгч ажиллуулах нь нүдэнд үл үзэгдэх тоос, тоосонцорыг цэвэрлэдэг. Харин шүүлтүүрийг заасан хугацаанд солихоо мартуузай.
  11. Дээрх зөвлөгөөг өдөр тутамдаа хэрэгжүүлэн, өрөө, тасалгааныхаа тоосыг тогтмол арчиж, чийгтэй цэвэрлэгээг байнга хийх нь дотоод орчныг бохирдлоос хамгаалж, үүнээс болж үүсдэг өвчнүүдээс өөрийгөө болон хайртай дотнын хүмүүсээ хамгаалаарай.

 

Эх сурвалж: Consumerreports.com

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол