03,Oct 2023
| Нийтэлсэн Mar 28, 15:03 | Урлаг
DJ Аамий нэрээр нь хүмүүс сайн таних М.Тамиртай ярилцлаа. Тэрбээр БНСУ-д амьдарч байгаад өнгөрсөн онд эх орондоо ирж, “Welcome records” пянзны дэлгүүрийг үүсгэн байгуулсан юм.
-Та Өмнөд Солонгост удаан амьдарсан гэсэн. Тэнд урлагийн чиглэлээр хийж байсан ажлынхаа талаар сонирхуулахгүй юу?
-Би БНСУ-д 2000 оноос хойш амьдарсан. Өмнөд Солонгосын “Super star” энтертайнментэд харьяалагдаж, тэднийхтэй хамтран төрөл бүрийн тоглолт, урлагийн эвент зохион байгуулдаг байлаа. Мөн “Татар”, “Lumino”, дуучин Д.Болд, рэппер Gee тэргүүтэй Монголын олон хамтлаг, дуучны тоглолтыг Солонгост зохион байгуулсан. Бас давхар DJ хийдэг байсан.
-Таныг Өмнөд Солонгосын Ганнамд байрладаг нэгэн клубт DJ хийдэг байсан тухай сонссон. Ур чадвараа хэрхэн хүлээн зөвшөөрүүлэв.
-Ганнамын "Monkey beach" клубт зургаан жил ажилласан. Дараа нь "LMFAO" клубийг хувиараа хоёр жил ажиллуулсан. Солонгост анх очоод клубүүдэд ажиллая гэхээр авдаггүй байсан. Монгол минь хөгжил муутай болохоор заримдаа иргэд нь ч бусдаас доогуур үнэлэгдэх хандлагатай. Тэгэхээр нь “Үнэгүй ажиллая, та нарт ур чадвараа харуулъя” гэж хэлдэг болсон. Хөгжимд дуртай тулдаа л олон саад бэрхшээлийг даван туулсан.
Би ерөнхийдөө хип хоп сонирхдог л доо. Энэ урсгалын DJ нар пянзан дээр микс хийж, "амьдаар" тоглож ур чадвараа хүлээн зөвшөөрүүлдэг юм. Ингэж тоглоход гарын нарийн ажиллагаа их шаарддаг. DJ бусдад хөгжмөөр үйлчилдэг болохоор мэдрэмж сайтай, дууны урын сан баялаг, бас хөгжим сонсож буй хүмүүсийнхээ сонирхол, хандлагыг сайн мэдэрдэг байх хэрэгтэй.
-Анх хоббигоороо DJ хийж эхэлсэн үү. Хэрхэн сурсан бэ?
-Би уг нь гадаад харилцааны чиглэлээр мэргэжил эзэмшсэн. Сонирхлоороо DJ хийж эхэлсэн ч яваандаа үндсэн ажил минь болсон. 2000-аад оны үед одоогийнх шиг сонирхсон зүйлээ судлах интернэт, youtube суваг байсангүй. Клубт очоод DJ нар хэрхэн тоглож буйг ажигладаг байлаа. Тэдний өөр өөр дуу “хольж” тоглох нь их сонирхолтой санагддаг сан.
DJ хийхэд гэрийнхэн эхэндээ дургүй байсан. Цэнгээний газар шөнөжин нойргүй ажилладаг, эрүүл мэндэд чинь муу, хурдан хөгширнө гээд л (инээв). Яваандаа ажлын минь үр дүнг хараад хүлээн зөвшөөрдөг болсон.
-DJ нар урсгал, чиглэлээрээ ялгаатай байх л даа. Харин хүмүүс тэднийг клубт хөгжим тоглодог талаас нь л хараад байх шиг санагддаг.
-Тийм хандлага бий. Энэ хэвшмэл ойлголтыг халмаар санагддаг. DJ нар бусад хөгжмийн уран бүтээлчидтэй л адил. Өөр өөрсдийн мэдрэмжээрээ хөгжим тоглодог хүмүүс юм.
Нөгөө талаар манай DJ нар хөгжихгүй байгаа болохоор хүмүүс ингэж бодох нь аргагүй. Монголын олонх DJ хаус, техно урсгалаар тоглодог. Ур чадвар шаардсан амьд тоглолт үзүүлдэг нь цөөн. Мөн төрөл бүрийн уралдаан зохиож, хоорондоо өрсөлддөггүй. Өрсөлдөөн байж аливаа зүйл хөгждөг шүү дээ.
Үүнээс гадна энэ чиглэлийн урлаг сонирхож буй хүүхэд, залуусыг хөгжүүлэх сургалт ховор байна. Клубт орж үзээгүй өсвөр насныханд эхнээс нь зөв ойлголт өгчихвөл биднийг арай өөрөөр хардаг болох байх. Ийм сургалт явуулах бодол ч бий.
-Гадаадад амьдарч байсан хүмүүс, ялангуяа залуучууд Монголдоо ирээд хөлөө олж чадахгүй буцах тохиолдол элбэг. Зарим нь бүр эх орондоо ч ирдэггүй. Харин та хэрхэн дасаж байна даа.
-Эх орондоо ирснээсээ хойш дэлгүүрийн ажил гээд завгүй байлаа. Төрийн байгууллагуудаар ажил хөөцөлдөхөд хүнд сурталтайг нь эс тооцвол одоогоор давгүй л байна. Гадаадад амьдарч байгаад Монголдоо ирсэн миний танилуудын олонх нь буцсан. Энд юу хийхээ сайн төлөвлөөгүй ирчихээр хөлөө олоход хэцүү байх. Уг нь гадаадаас санаа аваад эх орондоо хэрэгжүүлчих зүйлс зөндөө байдаг. Тэгж чадвал энд зах зээл байна.
Залуучууд гадаад зорьж, тэнд амьдарч буй хүмүүс ирэх хүсэлгүй байдаг нь хүүхдүүдээс нь их шалтгаалдаг юм шиг санагддаг. Үр хүүхдээ сайхан нийгэмд өсгөхийн тулд л гадаадад үлддэг хүмүүс олон бий. Би ганц бие болохоор буцаж ирэхэд нэг их асуудал байсангүй.
-Пянзны дэлгүүр нээх санаагаа хэрхэн олсон бэ. Эртнээс төлөвлөж байв уу?
-Би эртнээс л пянз хөгжимтэй баар, лоунж нээхийг хүсдэг байлаа. Яг ч дэлгүүр нээх бодол байгаагүй. Фэйсбүүкийн “Пянз цуглуулагчдын групп”-ээс энэ санаагаа олсон юм. Манайхан пянз их сонирхдог болсон ч тогтмол борлуулдаг газар байхгүй, хүмүүс пянзаа солилцож сонсдогийг нь анзаарсан. Тэгээд дэлгүүр нээх тухайгаа ахдаа хэлтэл дэмжсэн. Дэлгүүрээ тохижуулчихаад коронавирусээс болоод нээхгүй нэлээд удсан. Дуртай ажилдаа хүн цаг зав гаргаж, ямар ч саад бэрхшээлийг давах зоригтой байдгийг биеэр мэдэрлээ.
-Дэлгүүрийнхээ хамгийн ховор пянзнуудаас сонирхуулаач.
-Хамгийн хуучных нь 1970-аад оны пянзнууд байна. Мөн 1980 оны үед Орост хэвлэгдсэн олон пянз бий. Бас “Queen”-ий пянз ч байгаа. Ердөө 399 ширхэг хэвлэгдсэнээс Монголд дөрөв байдгийн нэг нь манай дэлгүүрт бий. Нөгөө гурав нь нэгэн пянз цуглуулагчид байдаг юм билээ. Мөн “Metallica” хамтлагийн иж бүрдэл цомогтой. Дотроо 14 CD, найман DVD, зургаан пянз болон гэрэл зураг, ном багтсан, 1.5 сая төгрөгийн үнэтэй.
-Пянзны аялгуу юугаараа онцлог болоод хүмүүс их сонирхдог юм бол оо?
-Пянзыг аналог системээр бичдэг. Харин CD-нд дуу бичихэд цэгээс цэгийн хооронд нэг авиа алддаг. Хүний чих түүнийг нь ялгадаггүй. Өөрөөр хэлбэл, нягтаршил муутай зурагтай л адил гэсэн үг.
Пянз зүүнээсээ шалтгаалж янз бүр дуугардаг. Мөн эргэлт нь 33, 45, 78 гэхчлэн өөр өөр. Хуучны пянзнууд 78-ын хурдаар эргэдэг, их хатуу байдгаараа онцлог. Пянз сонсохын утга учир нь ерөөсөө л тайвшрал юм. Зориуд цаг гарган, ямар нэг хөгжмийг бүтэн цомгоор нь сонсвол сайхан амралт болдог. Би жазз, фанк урсгалын хуучны хөгжим сонсох бас дуртай.
-Хөгжмийн боловсрол өндөртэй хүмүүс л пянз сонсдог юм шиг ойлголт бас бий. Нөгөөтэйгүүр, яг зорьсон хүмүүс нь худалдаж авдаг болохоор пянз үнэтэй байдаг юм болов уу.
-Манайхан пянзыг тансаг хэрэглээ гэж хараад байна. Гэвч энэ бол нийтийн хэрэглээ юм. Дэлхий даяар хамгийн анх пянзнаас л дуу, хөгжим сонсдог байсан. Манай уран бүтээлчид ч ийм ойлголттой байх шиг. Тиймээс нийтэд бус, хэсэг бүлэг хүнд зориулж өндөр үнэтэй пянз гаргаад, тэр нь борлогдохгүй бүтэлгүйтэж буй цөөнгүй тохиолдол харлаа. Манайд жишээ нь, 500 ширхэг пянз хэвлэхэд нэлээд удаж дуусах хандлагатай. Монгол артистууд пянз гаргаж байгаа нь сайхан ч зах зээлээ судлах хэрэгтэй. Манайд пянзны хэрэглээ дөнгөж сэргэж байгаа болохоор уран бүтээлчид болон сонсогчид жижигхэн зах зээлдээ “бужигнаж” л байна. Яваандаа цэгцрэх байх аа.
Пянзны үнэ өндөр байдаг нь олон зүйлээс шалтгаалдаг. Дэлхийн зах зээлд ч пянзны үнэ байнга хэлбэлздэг. Мөн хаана хэвлэгдсэнээрээ өөр өөр үнэтэй байдаг. Бас ам.долларын ханш ч нөлөөлнө. Үндсэн өртөг дээр нь тээврийн хөлс, татвар, байрны түрээс, ажилчдын цалин, бага хэмжээний ашиг нэмж тооцож таарна даа.
-Монгол болон гадаадын хэн гэдэг уран бүтээлчдийн пянз хамгийн эрэлттэй байдаг вэ?
-“Cigarettes after sex” амьд хөгжмийн хамтлагийн пянз их эрэлттэй юм билээ. Би энэ хамтлагийг сайн мэддэггүй болохоор нэг удаа бүр зориуд цаг гаргаж сонссон юм. Их удаан, намуухан өнгө аястай, хүнийг “эморуулах” янзтай. Мөн “Queen”, “Abba” хамтлаг, орчин үеийнхээс Weeknd эрэлттэй байна. Бас жазз хөгжмийн пянз хүмүүс их асуудаг. Харин Монголын хамтлаг, дуучдаас “Magnolian”-ы пянз сайн зарагддаг.
Гэхдээ хүмүүсийн сонголтыг үнэхээр таашгүй юм байна. Хэрэндээ л судалаад, дэлгүүртээ өргөн сонголттой пянз байлгахыг хичээдэг. Хүмүүс ихэнхдээ бэлгэнд өгөх зорилгоор худалдаж авдаг. Жишээ нь, албан байгууллагын шагнал урамшуулал, хурим найр, төрсөн өдөр гээд л. Пянз гоё бэлэг л дээ. Сонсохгүй байсан ч хавтасных нь зураг гоё бол жаазлаад ханандаа өлгөчихдөг. Одоогоор манай дэлгүүрт 2000 орчим пянз бий. Пянзнуудаа АНУ, Европ, Өмнөд Солонгос, Японоос оруулж ирдэг.
-Солонгост олон жил амьдарснаараа олж авсан боломж тань юу байв.
-Өөрийнхөө дуртай зүйлийг олж, хөгжүүлж чадсан нь юм болов уу. Бас илүү тайван, зөв амьдарсан гэж боддог. Би багадаа их хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Өнгөрсөн 20 жилд Монголд амьдарсан бол өдий зэрэгт хүрэхгүй ч байж мэднэ. Эсвэл бүр эсрэгээрээ бизнес эрхлэгч, улстөрч болсон байхыг ч үгүйсгэхгүй.
Мөн аль хэдийн эхнэр, хүүхэдтэй болчихсон байх биз. Би одоо 40 настай. Харин хүмүүст ганц бие байгаа минь л асуудал юм шиг хандаад байх юм. Солонгост залуучууд эрт хүнтэй суудаггүй. Гэтэл манайхан дөнгөж 20 гараад л гэрлэчих юм. Бараг өөрийгөө ч таньж мэдээгүй байж хүүхэд өсгөж, гэр бүлээ тэжээх гээд залуу нас, хүсэл мөрөөдлөө орхидог юм шиг санагддаг.
Монголд ганц бие эмэгтэйчүүд ямар олон болоо вэ. Солонгос найзууд бүр гайхаад “Аамий, танайд яагаад ийм залуухан ганц бие ээж олон байдаг юм бэ” гэж асуудаг. Энэ бол нийгмийн асуудал болжээ.
Манайхан “1980, 90-ээд оныхон амьд юм уу” гэж хошигнож байна. Энэ хэдийгээр хошигнол ч хүмүүсийн сэтгэхүйд их нөлөөлдөг. Монголд ирээд үеийнхэнтэйгээ клуб орох гэтэл “Хүүхдүүд ордог газар дэмий. Караоке явъя” гэж ч байх шиг. Уг нь бид дөнгөж л 40-тэй шүү дээ. Нийгмээрээ залуучуудыгаа ингэж “тэтгэвэрт гаргамааргүй" байна.
-Ярилцсанд баярлалаа.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ