24,Sep 2023
| Нийтэлсэн Mar 24, 3:03 | Lifestyle
Урин дулаан айлчлан ирж, ургамал цэцэг нахиагаа дэлгэлээ. Өрөө тасалгаанд өнгө нэмж, өнгийн цэцэгс зүсээ нэмлээ.
Нүдээ баясган, сэтгэлээ сэргээх хамгийн сайхан хобби бол цэцэг тарих юм. Эзэндээ эрч хүч, эерэг дулаан энерги бэлэглэдэг цэцэг, ургамлын ач тус их. Тиймдээ ч энэ нь олон эзэгтэйн нандин хүсэл, сонирхол болсон байдаг. Та ч мөн тэдний нэг болохыг хүсвэл манай “Зүггүй навч” буланд тухлан саатна уу. Энэ удаад бид эхлэн сонирхогчдодоо зориулж, тарихад хялбар хэрнээ, өнгө ялдам зарим цэцгийн бэлгэдэл болон ач холбогдлын талаарх мэдээллийг хүргэе.
Шимтэглэй (Geranium)- Таны хайрын бэлгэ тэмдэг
Уугуул нутаг нь Өмнөд Африк бөгөөд биологийн латин хэллэг нь Geranium, монгол нэршил нь Шимтэглэй. Энэхүү цэцэг нь арчилгаа бага шаарддаг, тарьж ургуулах хамгийн эхний цэцэг тань байх болно оо.
Бэлгэдэл: Шимтэглэй цэцэг нь хайр сэтгэлийн бэлгэ тэмдэг юм. Хосуудын сэтгэлийн холбоог бататгадаг гэж үздэг учраас хайртай хүндээ бэлэглэдэг цэцэгсийн нэг яах аргагүй мөн. Түүнчлэн энэхүү цэцгийг гэртээ тарьж ургуулснаар муу энергийг зайлуулж, дулаахан, тухтай уур амьсгалыг бий болгодог төдийгүй санхүүгийн асуудлаас ч сэргийлдэг аж. Тод улаан өнгийн шимтэглэй амьдралын хүч болон энерги өгдөг байхад ягаан өнгийн шимтэглэй нь хайр дурлалын бэлгэ тэмдэг. Харин цав цагаахан шимтэглэй нь муу бүхнээс хамгаалахын зэрэгцээ жирэмсэн эхийг үр хүүхдээ эрүүл саруул төрүүлэхэд тусалдаг гэж үздэг байна.
Ач тус: Шимтэглэй нь олон төрлийн ач тустай. Тухайлбал, энэхүү цэцгийг гэртээ тарьж ургуулснаар, таны мэдрэлийн системд сайнаар нөлөөлж, сэтгэл санаа тайван амгалан болох төдийгүй стресс бухимдлаас сэргийлдэг. Мөн түүний өвөрмөц үнэр нь зүрх, судасны өвчин, нойргүйдэл, сэтгэл санааны тогтворгүй байдлыг эмчлэхэд өндөр ач холбогдолтой. Эцэст нь хэлэхэд, шимтэглэй цэцгийн ялгаруулдаг био бодис нь хорт хавдрын эсрэг үйлчилгээ үзүүлдэг болохыг эрдэмтэд тогтоожээ. Гайхалтай биш гэж үү.
Мөнхрөө (Sansevieria)- Муу энергийг хөөж, цэвэр агаар бэлэглэнэ
Өмнөд Африкаас гаралтай энэ цэцгийн биологийн латин хэллэг нь Sansevieria, Монгол нэр нь Мөнхрөө юм. Нумын ордныхны ээлтэй цэцэг болох мөнхрөө нь агаар цэвэршүүлэх чадвараараа номер нэг бөгөөд тасалгааны нөхцөл голохгүй ургадаг, тун ч тэсвэртэй ургамал гэдгийг дуулгахад таатай байна.
Бэлгэдэл: Мөнхрөө нэр нь хүртэл хөөрхөн байгаа биз. Эрүүл энх, урт удаан наслахыг бэлгэддэг энэ цэцэг нь илд сэлэм шиг хэлбэртай тул аливаа муу зүйл, хэл амнаас хамгаалдаг хэмээн бэлгэддэг.
Ач тус: Агаарыг хамгийн сайн цэвэршүүлдэг ургамал юм. Хуурай ширүүн уур амьсгалтай, агаарын бохирдол ихтэй манай орны нөхцөлд заавал гэртээ тарих цэцгийн нэг бол мөнхрөө шүү хонгорууд минь. Түүний ганцхан ширхэг навч цагт 0.938 микрограмм агаарын бохирдлыг цэвэршүүлдэг байна. Ялангуяа өсөж тарниж буй бяцхан үрсийн өрөөнд тунчиг тохиромжтой. 24 цагийн турш хүчилтөрөгч ялгаруулдаг тул унтлагын өрөөндөө ч байршуулж болно. Мэдээж гэр болон албан тасалгааны интерьерт гайхалтай зохицдог тул чимэглэлийн зориулалтаар түүнийг түгээмэл тарьдаг.
Зузаахай(Kalanchoe)- Хүүхэд байгаа газар энэ цэцэг байх учиртай
Энэ нь Мадагаскарын халуун бүсээс гаралтай шүүст, бутлаг ургамал юм. Улаан, улбар шар, цагаан, ягаан өнгийн баг цэцгээр гоёдог энэ цэцгийн биологийн латин нэршил нь Kalanchoe, Монголоор бол зузаахай гэдэг. Зул сарын баярын үеэр Америк болон Европт хүмүүс бие биедээ хамгийн их бэлэглэдэг цэцэгсийн нэг юм.
Бэлгэдэл: Хүүхдэд ээлтэй цэцэг тул багачуудын өрөө, цэцэрлэг, сургуулийн танхимд ургуулахад хамгийн тохиромжтой. Ер нь л хүүхэд байгаа газар энэ цэцэг байх учиртай. Мөн үхрийн ордныхонд ээлтэй цэцэг.
Ач тус: Зузаахай нь олон наст тасалгааны ургамал бөгөөд удаан хугацаанд цэцэгтэйгээ байдаг тулд гэрт үзэмж нэмдэг. Мөн түлэнхий, арьсны улайлт зэрэгт навчийг нь бага зэрэг зөөлрүүлж байгаад тавихад сайн. Өөрөөр хэлбэл ардын эмчилгээнд түгээмэл хэрэглэгддэг.
Мөнгөний мод(Krassula)- Олз, орлогын од хийморийг дуудагч
Африк тивээс гаралтай энэ бутархаг модны биологийн латин нэршил нь Krassula, Монголоор бид мөнгөний мод гэдгээр нь мэднэ. Гэрийг чимэхээс гадна маш дулаахан, тухлаг харагдуулдаг энэ ургамал нь матрын ордныхны цэцэг билээ. Навч нь зоосон мөнгөтэй адил хэлбэртэй учир “мөнгөний мод” хэмээн нэрлэсэн байна.
Бэлгэдэл: Фенг Шуй ёсоор бол мөнгөний модыг гэртээ тарьж ургуулвал санхүүгийн байдал сайжирч, арилжаа наймааны хувьд олзтой, одтой байхыг бэлгэддэг. Энэ мод нь эзэндээ аз хийморь, эд баялгийг дууддаг ч гэдэг. Өөрийнхөө материаллаг байдлыг сайжруулъя гэвэл мөнгөний модтой савандаа зоос булах, мөн шинэ жилийн үдэш мөчирт нь зоос зүүж чимэглэх, салаа мөчир бүрийг нь улаан эсвэл шар туузаар боох хэрэгтэй гэнэ шүү. Мөнгөний модыг өрөө тасалгаа эсвэл ширээнийхээ зүүн урд хэсэгт байрлуулахыг зөвлөдөг. Ингэснээр танд амжилттай ажиллах, мөнгө олох итгэл найдвар бэлэглэнэ.
Ач тус: Айл гэрийн сөрөг муу энергийг өөртөө шингээдгээс гадна түүний зузаан навчин дах химийн өвөрмөц найрлага нь бактерийг устгах, үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг байна. Тухайлбал, яр шарх, хомхой зэрэгт шүүсийг нь түрхэх, хоолой өвдөхөд хандалж зайлах, үе мөчний үрэвслийн үед шавшиж боох зэргээр эмчилгээний зориулалтаар ашигладаг. Түүгээр барахгүй мөнгөний мод нь агаарт буй бактерийг устгаж, цэвэрлэхийн зэрэгцээ тухайн орчинд байгаа хүмүүсийн ядаргааг тайлж, тархи, оюун ухааныг амраах ер бусын увидастай цэцэг билээ.
Нил цэцэг (Saintpaulia)- Багачуудын өрөөнд тавихад оюун ухааныг тэтгэнэ
Гоёмсог өнгөөрөө хэний ч харааг булаах нил цэцгийн уугуул нутаг нь Өмнөд Африк, Зүүн Өмнөд Азийн чийглэг дулаан уур амьсгал бүхий уул нурууд юм. Түүний латин нэр нь Saintpaulia, Оросоор Сенполия гэдэг. Тэвгэн навчтай, намхан тавгалж ургадаг энэ ургамал тохиромжтой нөхцөл нь бүрдвэл жилийн дөрвөн улирал цэцэглэж эзнээ баясгадаг. Дулаахан гэрэлтэй орчин л байвал өөр олон юм шаарддаггүй бөгөөд цэцэг тарьж эхэлж байгаа хүмүүст төвөггүй цэцэг юм.
Бэлгэдэл: Мөнхийн хайрын бэлгэдэл бөгөөд гэр бүлийг хэрүүл маргаангүй, тайван амар амгалан амьдрахад тусалдаг. Мөн хүүхдийн өрөөнд тавихад бодол санааг тайвшруулж, эерэг дулаан орчныг бий болгодог байна.
Ач тус: Тархины чадамжаа нэмэгдүүлье гэвэл нил цэцэг тариарай. Түүний нил ягаан өнгийг ширтэх нь адреналиныг идэвхижүүлж, энергийн гормоныг нэмэгдүүлснээр бүтээлч байдалд сайнаар нөлөөлдөг. Нил ягаан өнгө нь бас стрессыг бууруулж, сэтгэл санааг өргөдөг. Түүний өнгө ялдам цэцэгсийг харахад тархинд очих хүчил төрөгчийн хэмжээ нэмэгдэж, бие амарч тайвширдаг аж.
Чоёо (Catharanthus)- Аз жаргал, баяр баясгаланг урин дуудагч
Чоёо нь 60 см хүртэл өндөр ургадаг хагас бутлаг олон наст ургамал юм. Ази, Африкийн чийглэг дулаан бүсэд анх нутагшсан энэхүү гоёмсог цэцгийн биологийн латин нэр нь Catharanthus, Монгол алдар нь Чоёо юм. Хэрэв өвөл зунгүй гэрээ цэцгээр гоёж, аз жаргалыг мэдэрье гэвэл Чоёо танд яг тохирно.
Бэлгэдэл: Энэхүү цэцэгийг аз жаргалын бэлэг тэмдэг хэмээн үздэг. Айл гэрт байхад аз жаргал, баяр баясгалан авчирдаг.
Ач тус: Чоёог чихрийн шижин, эмэгтэйчүүдийн өвчин, цагаан мах эргэх зэрэгт хэрэглэдэг. Ягаан цэцэгт чоёоны навчинд нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй бодис агуулагддаг тул хавдрын эмны найрлаганд оруулдаг байна.
Ялдам цэцэг(Fuchsiya)-Өөртөө итгэлтэй байж, зөв шийдвэр гаргахад тань тусална
Монголчууд бид Ялдам цэцэг, заримдаа Гүнжийн нулимс ч гэдэг. Харин биологийн латин нэр нь Fuchsiya юм. Зэрлэг ялдам нь Чили, Вэнэсуэль, Бразиль, Аргентин, Чили зэрэг Өмнөд Америкийн орнуудад болон Шинэ Зеландад одоо хүртэл ургасаар байна. Цэцэг нь голлон үндсэн хоёр өнгөний зохицлоор цоморлигоо нээдэг түүний өндөр нь 60-80см болдог.
Бэлгэдэл: Цэцэглэж байгаа ялдам цэцэг бэлэглэх нь би сайн санаа өвөрлөж байна, би танд сайн хандаж байна гэсэн утгыг илэрхийлдэг байна. Энэ гоёмсог цэцэгтэй ургамал нь гэрийн уур амьсгалд сайнаар нөлөөлдгөөс гадна өөрийн ажилдаа анхаарлаа хандуулах, эерэг сэтгэл, хандлагатай байхад тусалдаг гэнэ.
Ач тус: Ялдам цэцэг нь сэтгэл санааг өөдрөг байлгах, өөртөө итгэлтэй байх, аливаа асуудлыг зөв талаас нь шийдэх, оновчтой шийдвэр гаргахад сайнаар нөлөөлдөг байна. Мөн бага насны хүүхэдтэй айлд балчируудтайгаа зөв харьцахад, ая эвийг нь олоход тусална. Элдэв хурц үнэргүй тул ургамлын харшилтай хүмүүс ч тарьж болно. Түүгээр барахгүй уугуул нутгийн хүмүүс жимсээр нь чанамал, навчаар нь салад хийж иддэг гэнэ. Иймд хүүхэд тань санаандгүй аваад амандаа хийхэд тэгтлээ айж сандрах хэрэггүй байх нь.
Амжилт хүсье. Энэхүү мэдээллийг таны сонголтонд үлдээгээд дараагийн дугаарт арчилгаа, усалгааных нь талаар дэлгэрэнгүй хүргэх болно.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ