“Цагаан бороо” зүрхэнд тань зүсрэн орно

| Нийтэлсэн Mar 14, 16:04 | Редакцын булан

Үзсэн : 648

                                                                3333

“...Эрхэмлэж яваарай хэмээн машид итгэн эрх чөлөө, тусгаар тогтнолыг чамд үлдээлээ...” гэх Монгол Улсын маршал Х.Чойбалсаны хэлсэн алдарт үг “Цагаан бороо” романы эхний хуудаснаас эцэс хүртэл сануулах шиг. Баасангийн Номинчимэд зохиолчийн эл роман хэвлэлтэд гарсан цагаасаа “Аз хур”, “Интер”, “Мир” гээд томоохон номын дэлгүүрийн хамгийн их борлуулалттай номоор нэрлэгдэж буй. Энэ романы юу нь номын хорхойтнуудын сэтгэлийг ингэж татахад хүргэв?

“Цагаан бороо” романд Манжийн дарлалаас дөнгөж салаад Хятадын эрхшээлд орсон 1800-гаад оны сүүлчээс Ардын хувьсгал хүртэлх Монголын нэгэн үеийн түүхийг тусгажээ. Ингэхдээ бидний ерөнхий боловсролын сургуульд заалгаж байгаагүй, мэддэггүй талыг нь, түүхэн доторх түүхийн “бараан хэсэг”-ийг уран зохиолын хэллэгээр харуулсан болохоор уншигчдад сонирхолтой санагдсан биз ээ. Манжийн дарангуйлал болоод ардын хувьсгалын талаар мэддэггүй монгол хүн үгүй гэхэд хилсдэхгүй байх. Түүхийг уншихдаа “Ийм зүйл өрнөж байж дээ” гэсэн хол хөндий бодол л төрөх нь олон байхаас тэр үеийн нийгмийн амьдрал дотор “орж”, ард түмний зовлон зүдгүүрийг мэдэрч, урагшгүй мунхаг зарим ноёдын шуналд бачуурч, бие сэтгэлээрээ барин тавин “хүртэх” нь хэд байдаг билээ дээ. Б.Номинчимэд зохиолч “Цагаан бороо”-гоо гашуун эмтэй зүйрлэжээ. Үнэхээр л хоолой дээр тээглэсэн “гашуун эм” юм билээ.

Ном нь ерөнхийдөө хоёр хэсгээс бүтнэ. Гол агуулга нь Засагт хан (одоогийн Говь-Алтай, Завхан, Хөвсгөл) аймгийн “Долоон хөх чоно” буюу шилийн долоон сайн эрсийн замналын талаар өгүүлнэ. Тэдгээр нь Цоохор Ананд, Хөрзгий Жанчив, Занаг Базар, Гоо Лувсан, Гоорин даш, Хялуу Сүх, Халзан Дамба гэх цуутай эрс. “Долоон хөх чоно”-ын толгойлогч  ньЦоохор Ананд. Харин хамгийн отгон нь Халзан Дамба. Номд өгүүлэхдээ тэдгээр эрсийг “...Цоохор Ананд чадал тэнхээгээрээ Засагт Ханы зартай арслан Хөрзгий Жанчив, барилдаж ноцолдохгүй ч базаад авах нь барс арслан мэт зантай, аатай Занаг, Базар хоёрт бараадахгүй. Гоо Лувсан шиг хараа булаах сайхангүй, Хялуу Сүх шиг элдэв тарни, шидэт гаажтай биш, Гоорин Даш шиг ов заль, арга чарга, цэрэг дайны явдалд гаршаагүй, Халзан Дамба шиг хатан тэвчээртэй биш. Эрэмгий хүнхээн дуутай, хөхөө шувуу хүртэл дуугаа татаад сонсдог гайхам сайхан хоолойгоор хүнгэнүүлэн дуулахаас өөрөөр үзээ, хараа ялгарч тодрох юмгүй, ялимгүй гээдэн толгойтой, цоохор нүүртэй, дунд зэргийн нуруутай, шодон хонгор гэзэгтэй эр байв...Гэвч санаа, зориг, эрдэм гурваараа хэнийг ч үл дагуулам билээ..” гэж дүрсэлсэн байдаг. Эдгээр эрс яагаад чонын замналаар орох болсон шалтгаан, тэр үеийн нийгмийн аймшигт нөхцөл, байдал, бага насны амьдралын гашуун түүх, ард түмэн, төрд гүйцэтгэж байсан үүрэг, оролцоог харуулдаг. Эцэстээ эмэгнэлтэйгээр дуусдаг.

Түүнчлэн зохиолд Монголын баруун хилээр орж ирэх “Хуйхуу болон Хасаг дээрэмчдийн халдлага, тэдний догшин хэрцгий яргаллын талаар, ашиг хонжоо хайсан явуулын хятад наймаачид Монгол нутагт ирээд хэрхэн хөлжиж, ард иргэдийг шулан дээрэмдэж, газар нутагт нь эзэн сууж буй тухай, тэр үед хүний наймаа хүртэл цэцэглэн хөгжиж байсан түүхийг нүдэнд нулимс мэлтэртэл дүрсэлжээ. “Хуйхуу дээрэмчид” гэдэг XIX зууны хоёрдугаар хагаст Шинжаан даяар гарсан дунгаан, уйгаруудын их босогчид аж.

Нэг ёсондоо төр удирдагчид нь харийн дайсны хөл гар болж, эх толгойгүй, ард түмэн нь сохорч мунхарсан, тусгаар тогтнолгүй улсад хаанахын бол хаанахын атгаг санаатан орж ирээд “Дураараар дургиж, дунд чөмгөөрөө жиргэж” амьдралыг нь там болгоод, амь насыг нь жоом шиг дэвсэлж болдгийг харуулжээ. Б.Номинчимэд “...Яах аргагүй хатуу хэцүү үеийн тухай бичиж буй учраас хатуу ширүүн зүйлсээс тойрон гарах аргагүй байв...Баруун хязгаарын ард түмний зуугаадхан жилийн өмнө туулсан, бодол эргэцүүлэлд хөвүүлсэн амьдралын тухай хуучийг хэдхээн жилийн өмнө захын хөгшид дурсан өгүүлдэг байв. Бичээч би бээр санаж үлдсэнээ л хамж шимэн найрууллаа. Хэтрүүлсэнгүй, харин дутуудуулсан байж магад...” хэмээн номынхоо “аймаар” гэмээр хэсгийг уншигчдадаа учирласан байна.

Гэхдээ Монголын түүх минь ийм байсан юм шүү гээд “Бид өширхөх бус, сургамж авч, хэзээд санаж сэрж явах ёстойг, мартаж болохгүй” гэдгийг ойлгуулахыг хүссэн тухайгаа зохиолч өмнөтгөлдөө бичжээ. Мөн “Социализмын үед сайн эрсийг дарлагдсан ардыг өмгөөлөн, дарлагч ноёд, баядын адуу мал, эд хөрөнгийг булаан, хулгайлж тараадаг, эрх, шударга ёсны төлөө тэмцэгчид” гэж үздэг байсан бол сүүлийн үед нөгөө тийш нь туйлшруулан “Сайн эрсээ хат, зүгээр л хүний хувийн өмчид зөвшөөрөлгүй халдаж буй малын хулгайчид“ гэж үздэг болсон. Сайтар ухвал аль аль нь байсан юм шүү” гэдгийг онцолжээ.

Зохиолч Баасангийн Номинчимэдийн тухайд “Аригбөх хаан”, “Эгнэшгүй нөхрийг олов”, “Энэтхэг дэх их монголчуудын түүх”, “Хантайширын цадиг хууч оршвой”, “Зэв, Сүбээдэйн ялгуулсан аян”, “Айн-Жалудын домог” түүхэн туужууд, “Аугаа эрин”, “Хөх илдийн очис” түүхэн роман тэргүүтэй олны хүртээл болсон зохиол бичиж байв. Мөн Жак Уэтерфордын “Монголын их хатдын нууц товчоо”, Роберт Вессийн “Хүннүгийн хаан Аттилагийн удирдахуйн ухааны нууц”, Ж.Ж.Толкейн “Бөгжний эзэн” зэрэг туульсын зохиол, Р.Киплингийн “Шидэт толгодын савдаг” орчуулгын болон дотоодын уран зохиолын номуудыг редакторлаж байсан юм.

Э.Номин-Эрдэнэ

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол