08,Dec 2023
| Нийтэлсэн Apr 18, 16:04 | Эрүүл мэнд
Гэр, сууц бол таны хувийн орон зай юм. Түүний доторх тохижилт нь тухайн айлын уур амьсгалыг тодорхойлдог. Иймээс харагдах байдлаас илүү илэрхийлэл нь чухал юм. Хүн өөрийн хувийн орон зай, орчин, нөхцөлөө тохилог бөгөөд өнгөлгөөр бүрдүүлж чадвал сэтгэцийн эрүүл мэндэд хүртэл чухал ач холбогдолтой болохыг судалгаагаар тогтоожээ.
АНУ-ын Сэтгэцийн эрүүл мэндийн сангийн мэдээлснээр, гэрийн тохижилт болон сэтгэл зүйн тогтвортой байдал хоорондоо салшгүй холбоотойг илрүүлжээ.
Бидний амьдралын хэв маяг, ажлын ачаалал зэрэг нь сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх гол хүчин зүйлс болдог. Дээрх сангийн судалгаагаар хүн амьдралынхаа 90 хувийг ямар нэгэн өрөө, тасалгаанд өнгөөрөөдөг аж. Тиймээс ажиллаж, амьдрах орчноо өөрийн хүссэнээр тохижуулах нь ажлын бүтээмж, сэтгэл санаа, оюуны чадавхад эерэгээр нөлөөлдөг байна.
Хэтэрхий олон тавилгыг эмх замбараагүй байрлуулсан өрөөнд орвол хэн ч өөрийн эрхгүй унтууцдаг. Эсрэгээрээ, саруулхан, өнгө хоршсон орчноос бид тайтгарлыг мэдэрдэг шүү дээ.
Хүн төрөлхтөн үүссэн цагаас эхлэн байгальтайгаа ойрхон амьдарсаар ирсэн. Усны урсгалын хоржигнох чимээг утаснаасаа сонсохын төдийд л алжаал тайлагддаг нь учиртай. Тасалгааны ургамал, мод, чулуу, эсгий зэрэг органик материалыг гэрийн тохижилтод оролцуулснаар сэтгэл санааг өргөөд зогсохгүй оюуны чадамжийг ч өсгөдөг байна.
Тасалгааны ургамал нь агаар шүүж, хүчилтөрөгчийг нэмэгдүүлэн, чийгшлийг тогтворжуулна. Өрөө, тасалгаандаа цэцэг, ургамал тарих нь амар амгаланг бэлэглэнэ.
Орчны гэрэлтүүлэг бидний бодож байгаагаас ч илүү нөлөөтэй аж. Байгалийн гэрэлтэй тасалгаанд ажиллагсад ажлын бүтээмжээрээ бусдаасаа илт давуу байжээ. Хиймэл гэрэлд удаан байх нь ядарч, сульдахад нөлөөлөөд зогсохгүй, нойрны эмгэгт хүргэдэг аж.
Эмх цэгцгүй, хөглөрсөн орчинд аж төрөх нь гэмтлийн дараах сэтгэц хямралд орсонтой адил нөлөө үзүүлдэг байна. Хүүхдийнхээ “буулгасан” өрөөг эмхэлж буй ээжийн стрессийн дааврын хэмжээ дайнд тулалдаж буй цэргийнхтэй адил түвшинд байгааг АНУ-ын Сэтгэцийн эрүүл мэндийн сангийн судалгаа харуулжээ. Тиймээс сэтгэцийн өөрчлөлтөд орсон хүмүүс амьдарч буй орчноо цэгцтэй байлгахад хүндрэл учирдаг бөгөөд үүнээс улбаалан бухимдахад хүргэдэг гэнэ.
Харах төдийд сэтгэл санаанд нөлөөлдөг зүйлсийн нэг нь өнгө юм. Өрөөнд давамгайлж байгаа өнгөнөөс уур амьсгал ихээхэн хамаардаг. Нэг өнгө дагуулах, эсвэл хослуулах шаардлагагүй ч өнгөний зохицлыг анхаарах нь чухал.
Хурц өнцөгтэй тавилга, эд зүйлс олон байх нь сэтгэл түгшихэд нөлөөлдөг. Харин дугуй, мөлгөр тавилга мэдрэлийн эрхтэн тогтолцоог тайвшруулна.
Эх сурвалж: Foresthomesstore.com
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ