24,Sep 2023
| Нийтэлсэн Mar 31, 11:11 | Танин мэдэхүй
Бидний өвөг дээдсээс уламжлан ирсэн ёс, сүсгийн шинжтэй олон жаягийг бид дагаж ирсэн нь нарийн учир холбогдолтой байдаг.
Жишээ нь, нялх балчир хүүхдийг орой үдшийн цагаар авч явахдаа хамарт нь хөө түрхэх буюу “бор халзан туулай” болгодог уламжлал бий. Тэгвэл хүүхдийн хамрыг яагаад ингэж хөөддөг тухай орчин үеийнхэн төдийлөн мэддэггүй шүү дээ. Үүнтэй холбоотой нэгэн домог яриа сонирхуулъя.
Нэгэн залуу хос гэрлэж, тун удалгүй үрийн зулай үнэрлэжээ. Гэтэл хоёр чөтгөр хүүхдийг нь авахаар санаархаж гэнэ. Хүүхдийг гэрээс хэрхэн авч гарах "мэргэн санаа" олж, эхнэр, нөхөр хоёрыг муудалцуулах болжээ. Чөтгөрүүдийн эл зальд автсан хос хэрэлдэж, эхнэр нь харуй бүрий болж байгааг ч үл анзааран, хүүхдээ аваад төрхөмдөө буцсан байна. Санаснаар нь болсон чөтгөр нөгөөхдөө ирээд "За яасан, хүүхдийг авсан уу" гэхэд "Миний өмнүүр хүүхэдтэй хүүхэн гараагүй, харин бор халзан туулай үүрсэн эмэгтэй явсан" гэжээ.
Хүүхдийг шөнө оройн цагаар гадагш авч гарахдаа “бор халзан туулай” болгон, чөтгөрийн нүдний хор орохоос ийнхүү хамгаалж хуурдаг домтой аж.
Хүүхдийн далд мэдрэхүйг бууруулахын тулд хамрыг нь хөөддөг
"Бор халзан туулай" болгодог дом нь нөгөө талаараа шинжлэх ухааны үндэслэлтэй юм байна. “Баярлалаа” төвийн зөвлөх, бясалгалын багш П.Тунараа ингэж тайлбарлажээ.
Бидний хөмсөгний дээд хэсэг буюу духны голд “гуравдагч мэлмий” гэж нэрлэдэг хүүхдийн атгасан гарын хэмжээтэй “боргоцой” булчирхай байдаг аж. Эл булчирхай нь өдрийн цагаар сератонин, харин шөнө болоход мелатонин хэмээх даавар ялгаруулдаг байна. Францын алдарт философич, сэтгэл судлаач, физикч Рене Дескартес (1596-1650) энэ булчирхайг ”сүнс оршин байх газар” хэмээн нэрлэжээ.
“Боргоцой” булчирхайн эсүүд гэрэлд маш мэдрэг болохыг судалгаагаар тогтоосон бөгөөд нүдний торлог бүрхэвчтэй ижил зарчмаар ажилладаг гэнэ. Энэ нь тус булчирхай харж чаддагийг бодитоор нотолсон хэрэг аж. Нэг ёсондоо “боргоцой” булчирхай нь хүний зургаа дахь мэдрэхүй, далд ухамсрыг хариуцдаг бөгөөд бага насны хүүхдүүдэд энэ мэдрэг чадвар нь хамгийн өндөр байдаг аж. Харин нас ахихын хэрээр орчны нөлөөллөөс үүдэн "боргоцой" булчирхай шохойжиж, агшдаг байна. Мөн хутагт, хувилгаад, зөн билэгтэн, бясалгалаар хичээллэдэг хүмүүсийн энэхүү булчирхай сайн хөгжсөн байдаг гэнэ шүү. “Боргоцой” булчирхайгаа хүн бүхэн гэмтээлгүйгээр, бясалгалаар хөгжүүлж авч үлдэх ч боломжтой аж.
Харин дэлгэцийн хэт ягаан туяа, фтор зэрэг нь бидний “гуравдах мэлмий”-г гэмтээдэг юм байна. “Боргоцой” булчирхайн мэдрэг чадвар шөнийн цагаар хамгийн сайн "ажилладаг". Нөгөө талаас орой үдшийн үеэр сүнс, хий биес хөдөлгөөнд орж, идэвхэждэг болохыг лам, бөө нар хэлдэг нь учиртай юм байна.
Тэгэхээр “боргоцой” булчирхай нь идэвхтэй "ажилладаг" нялх балчир хүүхдэд орой үдшийн цагаар сүнс, хий биет харуулж, айлгахгүйн тулд “гурав дах” мэлмийг нь хөөгөөр дарж, мэдрэг чанарыг нь бууруулдаг нь ийнхүү шинжлэх ухааны үндэслэлтэй аж.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ