24,Sep 2023
| Нийтэлсэн Apr 8, 16:04 | НИЙГЭМ
Үнийн өсөлт, нийгмийн тэгш бус байдлыг эсэргүүцсэн оюутан, залуусын жагсаал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ жагсагчидтай уулзан тэдний асуултад хариулт өглөө.
Тэрбээр “Та бүхний өнөөдрийн тавьсан 15 багц шаардлагатай танилцлаа. Үүнтэй холбогдуулан Засгийн газар тусгайлан хуралдах болно.Та бүхэн зохион байгуулалттай, эмх цэгцтэй саналаа хүргэхийг хүсэж байна” гэв.
Энэ үеэр залуусын цөөн тооны төлөөлөл индэрт гарч, Ерөнхий сайдаас асуулт асуусан юм. Тэдний тавьсан зарим асуулт болон түүний өгсөн хариултыг сонирхуулъя.
-Ханшийн алдагдлаас болж өнөөдөр иргэдийн цалин хүрэлцэхгүй, өдрөөс өдөрт ядуурч байна. Мөнгөний болон сангийн бодлого нь хоорондоо авцалдахгүй байгаа. Энэ бодлогоо нэгтгэж болохгүй юу”
Л.Оюун-Эрдэнэ сайд: Төв банктай холбоотой олон асуудал бий. Гэхдээ энэ нь зөвхөн манай улсаас хамаарах зүйл биш. Монгол банкны бодлого руу Засгийн газраас шууд оролцох эрхгүй. Иймээс төв банкны бодлогод нөлөөлөх түр хуулийн төсөл өргөн барьсан. Ингэснээр Засгийн газар Төв банктай хамтарч үнэ барих бодлого явуулах боломж бүрдэнэ. Энэ нь тийм амар биш, стандарт бус бодлого.
-Уул уурхай явуулах нэрийдлээр газар шороо ухан сэндийчэж байгааг хэрхэн цэгцэнд нь оруулах вэ. Үнийн хөөрөгдлийг хэрхэн шийдэх вэ?
Л.Оюун-Эрдэнэ сайд: Засгийн газраас үнийн хөөрөгдлийг барихын тулд УИХ-д хуулийн төсөл өргөн барьсан. Ирэх долоо хоногт батална. Гол нэр, төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниуд, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзаж хэлэлцэнэ. Дотооддоо үйлдвэрлэж буй бараа бүтээгдэхүүнд бид хяналт тавьж чадна. Харин хөрш орнуудаас оруулж ирж буй барааны үнэд хяналт тавих боломжгүй. Тээвэр ложистикийн зохицуулалт хийнэ гэсэн юм.
Мөн өнгөрсөн шөнийн баригдсан залуусыг ямар ч хариуцлага хүлээлгэхгүйгээр суллаач гэсэн хүсэлтэд Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улс ардчилсан, парламентын засаглалтай орон тул хэн ч энэ талбайд үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Тиймээс хэнийг ч барьж хорь гэсэн тушаал би өгөөгүй. Удахгүй ЦЕГ-ын даргыг дуудаж, баригдсан залууст ямар ч хариуцлага тооцолгүйгээр суллахыг даалгах болно” хэмээлээ.
Тэрбээр цөөн тооны асуултад хариулт өгсний дараа иргэдийн төлөөллийг тусад нь хүлээж авахад бэлэн буйгаа илэрхийлэв. Шөнийн баривчилгаа болсны дараа жагсагчдын уур амьсгал нэлээд ширүүссэн юм. Гэхдээ Ерөнхий сайд амласан ёсоороо залуусыг суллаж эхэлжээ.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ