01,Oct 2023
| Нийтэлсэн Apr 11, 18:06 | НИЙГЭМ
Гурав, дөрөвхөн настай хүүхдүүд үеийн найзыгаа өвчнөөс нь болж тэнэг, мангараар нь дуудаж, шоглодог нийгмийг бид хүсэхгүй. Хэрэв яг ийм зүйлтэй нүүр тулсан, тэр талаар сонссон бол нийтээрээ хүүхдээ хэрхэн өсгөж, хүмүүжүүлж байгаагаа эргэн бодох л асуудал. Хэн нэгний буруугаас бус, төрөлхийн ямар нэгэн эмгэгтэй төрсөн хүүхдийг үе тэнгийнхэн нь битгий хэл томчууд хүртэл муухай харж, шивнэлддэг байсан үе хэдийн өнгөрсөн гэж бодож явтал ийм хандлага хараахан тогтоогүй л байх шиг.
Аутизмыг таниулах сар тохиож буйтай холбогдуулан уг эмгэгийн талаар энгийн ойлголт, мэдээллийг бид уншигчдадаа сонирхуулж буй билээ. Энэ удаад нийгэм дэх аутизмын “хоёр өнгө”-ийг нэмэлт, хачиргүй хүргэе.
-Манай хүүхэд хоёр нас зургаан сартай. Аутизмтай ч сугалаагаар улсын энгийн цэцэрлэгт азаар тэнцчихсэн. Уг нь өөрөө бие засдаг, хоолоо ч иддэг, чадах зүйлээ хэн нэгний туслалцаагүйгээр “болгочихдог”. Өдөр харин унтдаггүй. Харилцаа муутай ч гэм хоргүй, үеийнхнээ хазаж, мааждаггүй, орилж хашхирдаггүй, ер нь л мөрөөрөө. Амьхандаа хүүхэдтэй найзлах гээд түүнийгээ эв хавгүй ойлгуулчихдаг. Гэвч цэцэрлэгт орсноос хойш таван хоног л бүтэн явсан. Хоёр дахь 7 хоногийн эхний өдөр хүүхдээ цэцэрлэгт нь өгтөл ангийнх нь эцэг, эхийн зөвлөлөөс гомдол ирүүлсэн гээд багш нь ажлын гурван өдөр л хүүг минь явуулдаг болгов.
Ингээд зогсохгүй цэцэрлэгийн ангийнх нь фэйсбүүк группт багш хүүхдүүдийн өдөр тутмын үйл ажиллагааны зургийг оруулахад миний хүү л байдаггүй. Орой тарахад нь авах гээд очихоор хүү минь ангидаа харагддаггүй. Багшид нэрийг нь хэлэхээр өөр газраас дуудаж авчирдаг.
Ингээд зогсохгүй цэцэрлэгийн ангийнх нь фэйсбүүк группт багш хүүхдүүдийн өдөр тутмын үйл ажиллагааны зургийг оруулахад миний хүү л байдаггүй. Дөлгөөн
Анхны хүүхэд минь учраас тэрнийгээ бусдын адил энгийн цэцэрлэг, сургуульд сургаж, хөгжүүлэх юм сан л гэж боддог. Тиймдээ ч цэцэрлэгт нь элдэв хэл ам гаргадаггүй. Нэг удаа ангийнх нь үүдэнд хүүхдээ хувцаслаж байтал санамсаргүй найзынхаа биед хүртэл хүүг минь “Тэнэг ээ, битгий надад хүрээд бай” гэх нь тэр. Миний хүү чинь жаахан хүүхэд шүү дээ, ингээд л хоёрхон настайгаасаа нийгэмд гадуурхагдах юм уу.
-Бага охин минь одоо 10 настай, гуравтайдаа анх аутизмтай гэж оношлогдсон. Хоёр нас хүртлээ хэлд, хөлд орохгүй, биеийн ерөнхий хөгжил нь хоцрогдолтой байсан. Үүнээс л бүх асуудал эхэлсэн дээ. Олон ч эмнэлгээр явсан. Охин тэр үед огт ярьдаггүй, хүний нүд рүү эгцэлж хардаггүй, харилцаанд оролцдоггүй, зан авирын хувьд ч уур уцаартай. Тэгээд БНСУ-д очиж, онош тодруулсан. Уг эмгэгийг эрт оношлуулсны ачаар хүүхэдтэйгээ ажиллаж, үр дүнд ч хүрсэн. Хоцрогдлууд нь бага багаар нөхөгдөж, хөгжил нь ч алхам алхмаар сайжирч л байна.
Зургаан настайд нь анх хувийн сургуульд өгтөл эцэг, эхчүүдийн эсэргүүцэл, гадуурхалтай нүүр тулаад нэг жил өнжсөн. Долоон настайд нь тусгай сургуульд оруулаад, хоёр жил сургаад өөрийнх нь хүсэлтээр ахынх нь энгийн сургууль руу шилжүүлсэн. Бас хувийн сургууль байсан л даа. Тэгээд амжилттай сурч байсан ч манайх нүүхээр болж одоо өөр хувийн сургуульд, V ангид сурч байна. Манай охины одоогийн сургуулийн захирал, багш нар, нийгмийн ажилтан нь аутизмын талаар маш сайн ойлголттой, туршлагатай, биднийг үргэлж дэмжин тусалдагт нь талархдаг.
Мөн эцэг, эхчүүд ч манай охиныг маш сайн ойлгодог. Аутизмын талаар өөрсдөө уншиж, судлан хүүхдэдээ “Танай ангийн найз чинь ийм учраас арай өөр байгаа юм. Тиймээс ялгаварлан гадуурхаж болохгүй, эрх тэгш харилцах хэрэгтэй” гэдгийг заадаг гэсэн. Зарим нь бүр амралтын өдрөөр хүүхдүүдтэйгээ аутизмтай хүний тухай кино хүртэл үздэг тухай сонсоод үнэхээр их баярлаж, хайрласан. Үүгээрээ юу хэлэх гэсэн юм бэ гэхээр хэрэв таны хүүхдийн ангид аутизмтай сурагч байдаг бол энэ талаарх зөв ойлголт, мэдээллийг хүүхдэдээ өгч байгаарай. Ингэснээр хүүхэд тань багаасаа аутизмтай хүнтэй харилцах арга барилтай болно. Ирээдүйд мундаг удирдагч, манлайлагч, энэрэнгүй хүн болох суурь нь ч тавигдана.
Хэрэв таны хүүхдийн ангид аутизмтай сурагч байдаг бол энэ талаарх зөв ойлголт, мэдээллийг хүүхдэдээ өгч байгаарай. Оюун
Охин минь одоо маш сайн ярьдаг. Гэр бүлийнхээ орчинд өөрийгөө илэрхийлэх чадвар сайтай, жирийн хүүхэд шиг л байдаг. Гэсэн хэрнээ л олон хүнтэй газар очихоороо дуугаа хурааж, дохио зангаагаар яриад эхэлдэг. Үүнийг л харилцааны бэрхшээл гээд буй юм.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ