10,Jun 2023
| Нийтэлсэн Apr 8, 16:04 | НИЙГЭМ
Хүн сэтгэлийн амьтан гэдэг. Сэтгэл эрүүл бол бие эрүүл ч гэж ярьдаг. Тэгвэл урлагаар дамжуулан хүний сэтгэлийг эмнэдэг “Арт терапи” үйлчилгээг мэддэг хүн тийм ч олон биш. Монголын анхны мэргэжлийн арт терапист В.Бэрцэцэгтэй уулзаж, урлагийн сэтгэл заслын тухай яриа өрнүүллээ.
- Таны хийдэг ажил, эзэмшсэн мэргэжлийн талаар дуулаад ярилцах сан гэж ирлээ?
- Миний үндсэн мэргэжил нийгмийн ажилтан. 2015-2017 онд Австралийн Айконий их сургуульд арт терапист мэргэжлээр сурч, төгссөн. Төгсч ирээд багшийнхаа зөвлөсний дагуу Монголын урлагийн сэтгэл заслын мэргэжлийн холбоо байгуулан 2017 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байна.
- Товчхондоо, урлагаар дамжуулан сэтгэл засна гэж ойлгосон. Уншигчдад энэ талаарх дэлгэрэнгүй мэдээлэл өгч болох уу?
- Манайд арт терапи гэдэг ойлголт шинэ. Тиймээс буруу ойлголт, төөрөгдөл их. Мэргэжлийн нэр хэллэг нь ч тодорхой болоогүй. Зарим нь гоё зураг зурах гэж ойлгодог. Англид 1945 оны дайны дараа энэ үйлчилгээний суурь анх тавигдаж эхэлсэн байдаг. Арт терапи нь ямар нэгэн байдлаар үйлчлүүлэгчийн бүтээлийг тайлж, хэлдэггүй. Америкийн сэтгэл зүйч Margaret Naumburg арт терапиг анх мэргэжлийн түвшинд хөгжүүлж, онол баталсан. Энэ нь урлагийн бүхий л төрлийн арга хэрэгслийг ашиглаж, олон давтамжтай бүтээлч уулзалтаар үр дүнд хүргэдэг. Хүн амьдралдаа тохиолдсон үйл явдлыг үгээр хэлж чаддаггүй үе байдаг. Сэтгэлээр унах, хэнтэй ч яримааргүй санагдах, аав, ээжээ алдах, осолд орох, хүчирхийлэлд өртөх үед хүмүүс мэдрэмжээ тийм ч амар илэрхийлдэггүй. Хэн нэгэнтэй ганцхан уулзаад бүхнээ ярьчих боломжгүй. Тиймээс бид хүмүүст тулгамдаад буй асуудлыг нь өөр хэлбэр, дүрсээр болон бусад бүтээлч байдлаар илэрхийлэхэд нь туслахыг хичээдэг. Урлагаар дамжуулан өөрийгөө танихад нь мэргэжлийн хүн чиглүүлдэг гэсэн үг.
- Багшийнхаа зөвлөснөөр холбоо байгуулсан гэлээ. Энэ тухайгаа хуваалцаач.
- Анхны арт терапистуудын нэг Judy Rubin гээд 90 гаруй насны хүн одоо ч амьд сэрүүн бий. Би ахмад үеийн арт терапистуудтай холбогдон зөвлөгөө, мэдээлэл авдаг. Монголын арт терапийн цаашдын хөгжлийн талаар ч санал солилцдог. Одоо манайд явуулж буй энэ чиглэлийн ажлыг шүүмжлэх аргагүй ч Монголд индекст ч ороогүй байгаа учраас мэргэжлийн арт терапист байхгүй гэж хэлж болно. Яагаад гэвэл их сургуулиуд энэ чиглэлийн мэргэжилтэн бэлдээгүй учраас хэнийг ч арт терапист гэж үзэхгүй. Олон нийтийн дунд мэргэжлийн үйлчилгээний талаар ойлголт байхгүй учраас хүмүүс өөртөө хэрэгцээтэй үйлчилгээг авч чадахгүй хохирох аюултай. Энэ ч үүднээс нийслэл болон, орон нутгийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйчдэд арт терапийн арга зүй олгох сургалт явуулах хүсэлтийг 2018 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллийн яамнаас тавьсан. Хүсэлтийн дагуу өнөөг хүртэл хамтран ажиллаж байна. 2019 оноос төсөл, хөтөлбөр лүү илүү чиглэн ажиллах болсон. Арт терапийн анхны номоо ч бичээд амжлаа. Удахгүй хэвлэлтэд өгнө. Мөн “Ковид-19” өвчний тархалттай холбоотой хүмүүст тулгарч буй хүнд асуудлууд дээр ч ажиллаа. Ер нь цар тахлын үеэр дэлхий даяар арт терапистууд идэвхийлэн ажилласан. Өнгөрсөн хугацаанд хүчирхийлэлд өртөж, сургууль нь завсардсан хүүхдүүд олон байсан тул 2021 оноос ерөнхий боловролын сургуулиуд руу чиглэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Өсвөр насныхны амиа хорлох, буруу зүйлд уруу татагдах нь ихэвчлэн үе тэнгийнхний хандлага, гэр бүлийн нөлөөллөөс үүддэг. Үүнийг анхаарч, урьдчилан сэргийлж буй. Тэгэхээр арт терапи гэдгийг илүү олон нийтэд далайцтай хүргэх түвшинд ажиллабал зохилтой.
- Коронавирусийн дараа хүмүүс үйлчилгээ авах нь нэмэгдсэн гэсэн. Цар тахлын үеэр хүмүүст гол тулгамдаж буй асуудал нь юу байв?
- “Ковид-19”-өөр маш олон хүн нас барсан. Тэдний ард үлдсэн гэр бүл, үр хүүхэд асар их сэтгэл зүйн айдас, дарамттай нүүр тулдаг. Тэдгээр хүмүүсийг өнгөцхөн зураг зуруулах, дуулуулах, бүжиглүүлэх, бясалгал хийлгүүлэх зэргээр үйлчилснийг арт терапи хийлээ гэхгүй. Мөн нийгэм, эдийн засгийн хямрал ч хүмүүсийн сэтгэл санаанд хүндээр нөлөөлж байна.
- Арт терапиг эх орондоо нутагшуулахад хүндрэл, бэрхшээл байна уу?
- Монголд энэ талаар ямар ч суурь ойлголт байхгүй болохоор хүндрэл их. Түүнчлэн бүх эх сурвалж гадаад хэлээр. 2015 оноос хойш орчуулга, судалгаа хийхэд бүх л цаг заваа зориулсны хүчинд өнөөдөр хөтөлбөр боловсруулах хэмжээний дата баазтай боллоо. Гол хүндрэл нь Монголд арт терапи, урлаг соёл хоёрын талаарх ойлголтыг ялгахгүй байна.
- Тэгвэл урлаг соёл, арт терапийн ялгааг тодруулаач?
- Урлаг соёлын үйл ажиллагаа нь аливаа урлагийн эцсийн бүтээгдэхүүнийг төгс болгох зорилт тавьж, суралцагчдад зааварчилгаа өгч ажилладаг. Харин арт терапи бол мэргэжлийн хүн урлагийн аль нэг хэрэгслийг ашиглан үйлчлүүлэгчийг чиглүүлдэг. Тухайн хүн асуудлаа шийдэхээр ажиллаж байхад нь зааж зааварлахгүй, хөндлөнгөөс оролцдоггүй. Тухайн бүтээлийг нь өөр өнцгөөс харж тайлахад нь тусалдаг. Арт терапиг жинхэнэ утгаар нь хөгжүүлбэл бүхий л насныханд амьдралаа хөндлөнгөөс харж, шинээр ойлгох, өөрийгөө танин мэдэхэд чухал ач тустай. Харин эсрэгээр нь буруу хийвэл хүмүүсийн асуудлыг, параной буюу хий юм харах өвчнийг нь ч сэдрээж болно. Мэргэжлийн бус арт терапистууд хавдартай, өвчтэй хүмүүс, эсвэл хүүхдүүдээр гоё зураг зуруулж, бүтээл хийлгэн үзэсгэлэн шиг хананд өлгөөд, өөрийгөө сурталчлах магадлалтай тул үр өгөөж өгөхгүйгээс гадна, эрсдэл өндөртэй. Монголд дөнгөж хөгжиж буй учраас мэргэжлийн бус бизнесийн хүмүүс яг иймэрхүү байдлаар гоё дуу дуулуулж, зураг зуруулаад, вино уулгаад л нэр хүнд олоод хийчих гээд байдаг тал ажиглагдаж байна. Урлаг, арт терапи хоёр аль аль нь олон төрлийн хэрэгсэл ашигладаг нь ижилхэн. Бүтээлч байдал нь ч төстэй.
- Энэ төрлийн үйлчилгээг хэдэн насны, ямар хүйсийн хүмүүс түлхүү авдаг вэ. Танай хуудсыг харахад хүүхдүүдэд чиглэсэн үйл ажиллагаа олон юм билээ.
- Арт терапид бүх насны, ямар ч хүйсийн хүмүүс хамрагдах боломжтой. Аутизмтай, сонсголын бэрхшээлтэй, тархины гэмтэлтэй үйлчлүүлэгчид ч бий. Ерөнхийдөө өсвөр насны хүүхэдтэй эцэг, эхчүүд маш их хандаж байна. Залуу хосууд ч цөөнгүй. Бие биенээ сайн таньж мэдэлгүй суугаад, эрт хүүхэдтэй болох, ажлын дарамт, ачааллаас үүдэн ойлголцохгүй байх, хадмуудын нөлөөлөл зэргээс салалт ихэсжээ. Манайх олон улсын жишгээр гэр бүлийн гишүүдийг хамтад нь үйлчилгээ авахыг санал болгодог. Хүйсийн хувьд эмэгтэйчүүд нь эрчүүдээс илүү ханддаг.
- Нэг гэр бүлийнхэнтэй дунджаар хэр хугацаанд ажиллаж, үр дүнд хүрдэг юм бэ?
- Багадаа зургаан удаа. Гэхдээ хүнд, хөнгөнөөсөө болно. Хардалт, хүчирхийлэл, гэр бүлээс гадуурх харилцаа гээд олон асуудал бий.
- Өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл зүй их тогтворгүй байдаг. Арт терапи үйлчилгээ тэдэнд хэр нөлөөтэй вэ?
- Өсвөр насныхны гол асуудал нь энэ. Одоо “Z” болон “Alpha generation”-ий үе юм. Бид хэдэн зуунаар хүүхдүүдээсээ “хоцорчихсон” явж байгаа. Дижитал эрин зууны уугуул иргэд нь байгалиасаа технологийн сэтгэлгээ, өгөгдөлтэй тул сэтгэхүй нь биднийхээс тэс өөр. Тиймээс хуучин аргаар хүүхдүүдээ хүмүүжүүлж болохгүй. Өсвөр насныхны дунд явуулсан сүүлийн үеийн судалгаагаар тэдний багагүй хувь нь амиа хорлох талаар бодсон, оролдлого хийсэн гэсэн хариу гарсан. Энэ нь аав ээжийн таагүй харилцаа, өөрийнхөөрөө тулган шаардах, хэнд ч үнэ цэнэгүй юм шиг сэтгэгдлээс үүдсэн байдаг. Тиймээс арт терапи хүүхдийг өөрийгөө таньж мэдэх, зорилгоо ойлгоход тусалдаг бөгөөд ирээдүйн амьдралд нь элдэв янзын асуудал учрах, хагацал зовлон тохиох, шалгуур тулгарахад даван туулах сэтгэлийн хаттай болгодог. Мөн мэргэжил, хобби сонирхол, ур чадвар руу нь чиглүүлж өгдөг.
- Арт терапиг мэргэжлийн түвшинд хөгжүүлэхийн тулд ямар алхам хийх хэрэгтэй юм бол?
- Хамгийн түрүүнд мэргэжлийн индекст оруулах асуудал чухал. Гэхдээ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас дөрвөн жилийн өмнө арт терапийн талаар мэргэжлийн тодорхойлолтуудыг гаргаж өгсөн. Одоо энэ нь мэргэжил батлагдаад, индексжүүлчихвэл дараагийн шатанд их сургуулийн хөтөлбөрт оруулах боломжтой. Тэгснээр мэргэжлийн арт терапистуудыг бэлтгэж чадна.
- Бидний ярилцлагыг уншаад үйлчилгээ авах гэсэн хүмүүс байвал хаана хандах вэ?
- Монголын арт терапи холбооны болон бидний фэйсбүүк хуудсаар дамжуулан холбогдоорой. Мөн манай arttherapy.mn цахим хуудсаар зочлон, мэдээлэл авах боломжтой.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ