Н.Энхсайхан: Тахийн тоо толгой 30 жилийнхээ ойн дээр 1000 хүрэх гэж байгаа нь бэлэгшээлтэй

| Нийтэлсэн Apr 26, 15:03 | Танин мэдэхүй

Үзсэн : 2009 26

received_1319859475173051Дэлхийд ганцхан, Монголд л заяасан зэрлэг адуу тахийг эх орондоо эргэн нутагшуулсны 30 жилийн ой энэ онд тохиож буй. Тодруулбал, Төв аймгийн Хустайн нуруу, Говь-Алтайн Тахийн тал болон Завханы Хомын талд тахийг нутагшуулан өсгөж буй. "Хомын талын тахь" төслийн ажилтан, биологич Н.Энхсайхантай энэ талаар ярилцлаа. Ташрамд дурдахад, Хомын талд энэ сарын 25-нд анхны унага мэндэлжээ. Өнгөрсөн оны эл өдөр ч мөн Хомын талын анхны унага янцгааж байж. 

- Тахийг эх орондоо хэрхэн эргүүлэн авчирч, нутагшуулсан түүхээс уншигчдадаа эхлээд сонирхуулах уу?

- Тэгэлгүй яах вэ. Угтаа бол бид л тахь гэж нэрлэдгээс шинжлэх ухааны олон улсын нэршил нь “Пржевальский адуу” юм. Алдарт аялагч Николай Пржевальский 100-гаад жилийн өмнө Төв Азийг судлаж явахдаа Монголын Зүүн гарын их говьд анх тахийг харсан гэдэг. Тэгээд ихэд сонирхож, нэгийг агнан, арьс, ясыг нь шинжлүүлтэл зэрлэг адууны шинэ зүйл болж таарсан. Тухайн үед дэлхийд зэрлэг адуугүй болсон гэж үздэг байв. Ингээд “нөхөр” Пржевальский Монголоос зэрлэг адуу олсныгоо дэлхий дахинд зарласнаар нэр алдарт хүрч, үргэлж сонин хачин зүйл эрэлхийлдэг Европын амьтны хүрээлэнгийнхэн, баячуудын анхаарлыг татах болсон. Удалгүй тав, арван жилийн дараагаас Зүүн гарын их говьд хүмүүс ирэн, зэрлэг адуу барьж, 88 унага Европ руу гаргасан түүхтэй. Тэдний 53 нь Минд очоод, бусад нь замдаа үхэж үрэгдсэн байдаг. Шалгарч үлдсэн 13 унага л өдгөө дэлхийн бүх тахийн эх угсаа болоод байна. Түүхэн хугацаандаа тахийн эх нутаг болох Монгол ч 1966 оноос ийм амьтангүй болчихсон.

-  Монголын тахь яагаад устчихав?

- Тахь устахад хэд хэдэн хүчин зүйл нөлөөлсөн гэдэг. Нэгдүгээрт, сая дурдсан 88 тахийг барих үеэр олноор хорогдсон. Тухайн үед Европоос ирсэн баячууд нутгийн иргэдийг хөлсөлж, буу зэвсэг агсан хавар төллөснийх нь дараа унагыг нь авах гэж сүрэг рүү нь дайрдаг байж. Хурдан давхиж чадахгүй нялх унагыг нь барих мөчид эх болон азарга нь хүмүүс рүү дайрах тохиолдол олон. Тэгээд л бууддаг байж л дээ. Ийм нөхцөл, байдал арав орчим жил үргэлжлэхэд цөөхөн байсан тахийн сүргийн бүтэц алдагдаж, үр төлөө үлдээх чадвартай хүчирхэг азарга болон гүүнүүд олноор үхэж үрэгдсэн түүхтэй.

Хоёрдугаар шалтгаан нь хулгайн ангийн улмаас хорогдсон. Гуравдугаарт, байгалийн гамшигт үзэгдэлд нэрвэгдсэн баримт ч бий. 1945 оны “алдарт” мичин жилийн зуднаар цасан хунгарт тахь хэд хэдээрээ, босоогоороо үхчихсэн байсныг нутгийн хөгшид, малчид ч дурсан ярьдаг. Үүнээс хойш тоо толгой нь эрс цөөрсөөр хамгийн сүүлд 1968 онд Зүүн гарын их говьд ганц даагатай гүү үлдсэн гэдэг. Түүнээс хойш нэг ч тахь харагдаагүй.

Монголд тахь устсаны дараа Европын эрдэмтэн, судлаачид эх нутагт нь, зэрлэг байгальд нь буцаан тавих талаар 1960-аад оны үеэс ярьж эхэлсэн. Амьтны хүрээлэнд тэднийг хорихоор зэрлэг, инстинкт зан чанар нь байхгүй болох гээд байсан юм билээ. Европ руу 88 унага гаргаснаар тахь устах үндэс суурь нь тавигдсан ч хулгайн ан, зуд турьхан гээд бусад шалтгаанаар бүрмөсөн үгүй болсон бол дэлхий эдүгээ тахь гэдэг амьтангүй байж ч мэднэ.

1985 онд Москвад эрдэмтэд чуулж, тахийг Монгол руу буцаах нь зөв гэсэн шийдэлд хүрч, бэлтгэл хангасан байдаг. Ингээд 1992 онд анхны тахиуд эх орондоо ирсэн юм. Тус оны зургадугаар сарын 5-нд Голландаас Хустайн нуруунд, Германаас Говь-Алтай аймгийн Говийн их дархан цаазат газарт нэгэн зэрэг тахь авчирч, нутагшуулсан түүхтэй.

тахь

-  Тэгвэл Хомын талд хэзээнээс тахь нутагшуулж эхэлсэн бэ?

-  Хомын тал бол тахь сэргээн нутагшуулсан гурав дахь газар. Энд Францаас 2004, 2005, 2011 онд нийт 26 тахь авчирч, нутагшуулсан. Одоогоор тахь нутагшуулсан гурван газарт нийт 850 гаруй тоо толгой байна. Үүний 120 гаруй нь Хомын талд идээшдэг. Энэ хаврын төлийг эсэн мэнд бойжуулбал нийт тоо толгой нь 1000 орчим болох байх. Дэлхий дээрх нийт тахийн 1/3 орчим нь гэсэн үг.

-  Танайх энэ хавар хэчнээн төл хүлээн авахаар байна даа?

-  Гүүнүүд хараахан унагалж эхлээгүй. Одоо л төлөө хүлээн авахаар зэхэж байна. Тахийн тал, Хустайн нуруунд эхний унаганууд мэндэлсэн. Манайд хээлтэй  30 гаруй гүү бий. Шинэ төлүүдээ хүлээгээд авчихбал 30 жилийнхээ ойн дээр тахийн тоо толгой 1000 давна хэмээн ихэд бэлэгшээж байна.

- Тахь нутагшуулахад яагаад дээрх гурван газрыг сонгож авсан юм бол. Байгаль экологи, газар зүйн байршлаараа юугаараа онцлог вэ?

-  Хамгийн сүүлчийн тахь амьдарч байсан төрөлх нутаг нь гэдэг үүднээс Тахийн талыг сонгосон. Анх тахь авчрахдаа эрдэмтэд хаана нутагшуулах талаар санал зөрөлдөж байсан юм билээ. Тахийн тал унаган нутаг нь мөн ч зуд турьхан болж, олноор хорогдсон тул зарим эрдэмтэн нутагшуулах нь зохисгүй хэмээсэн учраас хоёр газар сонгон, зэрэг авчирсан байдаг. Улаанбаатарт ойр, дэд бүтэцтэй газар сонгоё хэмээгээд Богд уулын ард нэг газар сонгосон ч больж, хүний хөлөөс зайдуу, гэхдээ хотод ойр Хустайн нуруунд тавих болсон. Хомын тал бол уул, ус, ургамал сайтай, адуу бэлчээрлэхэд сайхан нутаг тул сүүлд сонгосон.

унага

-  Тахь нутагшуулахад гардаг гол хүндрэл, бэрхшээл нь юу байдаг юм бол?

-  Нэгдүгээрт, хөрөнгө санхүүгийн асуудал. Онгоцоор тээвэрлэж авчрахаас өгсүүлээд асар өндөр зардалтай. Мөнгө, санхүүг нь дэмжлэгээр болгодог юм аа гэхэд нутаг орны хүмүүс хүлээж авах, авахгүй асуудал гарна. Тахийг сэргээн нутагшуулж буй газар адуугүй байх ёстой. Ойрхон байвал эрлийзжих эрсдэлтэй тул адууны тоо толгойг хяналтад байлгах зэрэг нь зарим нутгийн иргэдэд таалагдахгүй, бэлчээр булаацалдлаа гэх энүүхэнд Тэгэхээр иргэд бэлчээр булаацалдлаа гэхээсээ илүүтэй нэн ховордсон энэхүү сайхан амьтныг өсгөхөд хувь нэмрээ оруулан, зэрэгцэн орших ёстойг ухамсарлаж, хүлээн аваасай гэж хүсдэг.

-  Хөрөнгө, санхүүгээ хаанаас авдаг вэ?

-  Тахийг сэргээн нутагшуулахад гадаадын байгаль хамгаалах сангууд, хувь хүмүүс анхаарал халамж ихэд тавьж, тусалдаг. Хомын талд гэхэд л Швейцарийн байгаль орчны чиглэлийн үйл ажиллагааг дэмждэг “Mava” сан хөрөнгө оруулдаг. Тус байгууллагаас өнгөрсөн хугацаанд сая гаруй ам.доллар зарцуулсан байдаг. Зөвхөн тахь нутагшуулахад ч бус, нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих үйл ажиллагаа ч явуулж ирсэн.

-  Төр, засгаас ямар дэмжлэг, туслалцаа үзүүлдэг юм бол?

-  Тахь хамгаалах чиглэлээр яг тэр, энэ гээд хэлчих юм одоогоор алга. Гэхдээ Засгийн газраас бодлогоор дэмжин ажилладаг. Тахь нутагшуулах үндэсний дэд хөтөлбөр ч гаргасан. Жишээ нь, Хомын талыг орон нутгийн хамгаалалттай байсныг 2020 оны тавдугаар сараас Байгалийн цогцолборт газар болгон, улсын тусгай хамгаалалтад авсан нь бодлогоор дэмжиж буй хэрэг мөн л дөө.

-  Хөрөнгө, санхүүтэй холбогдуулан асуухад, шинэ төрсөн унагануудад иргэд өөрсдийн хүсэлтээр “төлбөртэй нэр” өгөх боломжтой гэж сонссон. Санхүүжилт босгохын тулд ийм арга хэмжээ авдаг  уу?

-  Санхүүжилт босгох гэхээсээ байгаль хамгаалах үйлсэд хүмүүсийн сэтгэлийг татах зорилгоор хэрэгжүүлж эхэлсэн арга хэмжээ юм. Энэ нь “Тахийн унага үрчлүүлэх” гэдэг хөөрхөн нэртэй. Нэр өгсөн эзэнтэй нь тогтмол “харилцаатай” байлгаж, зургийг нь явуулан “Унага чинь дүүтэй болсон, ээж нь тоохоо байсан ч гэх юм уу, эсвэл нөгөөх чинь ээждээ эрхлээд л байж байна” гэх зэргээр хөөрхөн үгтэй зурвас бичихээр эзэндээ маш их аз жаргал бэлэглэдэг. Эх ороныхоо ховордсон амьтныг хамгаалахад хувь нэмэр оруулж буй учраас бид бүгдийн сэтгэлд өег байдаг. Нөгөө талаар өгсөн мөнгөөр нь тахиудаа эргэх шатахуунаа ч болов авчихна.

- Нэр өгөхөд ямар үнэтэй байдаг юм бол. Хэрхэн холбогдох вэ?

- Нэг унаганд нэр хайрлахад 100 ам.доллар. “Хомын талын тахь”, “Khustai  national park” хаягаар холбоо барьж болно. Өнгөрсөн онд төрсөн 16 унаганд бүгдэд нь нэр өгөөд, бүртгэлд оруулчихсан. Прагийн амьтны хүрээлэнд бүх тахийн бүртгэлийг хийдэг. Хэрэв нэр өгч амжихгүй, цаг нь тулчихвал өөрсдөө юм уу, дадлагын оюутнуудаар өгүүлдэг. Хавар төрсөн тахь оны сүүлчээр нэрээ “авч”, бүртгэлд хамруулдаг. Нялхдаа эндчихвэл бүртгэлд оруулдаггүй.

- Эндэгдэл ер нь хэр гардаг вэ. Мал, амьтны халдварт өвчинд өртөх тохиолдол гардаг уу?

- Байлгүй яах вэ. Зуд турьхан, байгаль, цаг уурын өөрчлөлт, чоно, араатан амьтны халдлагад өртөнө. Монголд ирснийхээ дараа тахиуд “Цусны хачиг”-аар халдварлан, хэсэг үрэгдсэн. Тэр шавж адууг ч ихээр өвчлүүлдэг. Гэхдээ Хомын талд хорогдол харьцангуй гайгүй. Тахь адууны нэг төрөл болохоор зан ааш ер нь л төстэй. Азарга нь үр төлөө биш л бол сүргээсээ цавчих, хазлах, гишгэх зэргээр хороох эрсдэл ч гардаг.

- Сүргийн бүтэц, дундаж наслалт зэрэг нь адуутай ойролцоо юу?

-  Адилхан, 20 гаруй л насална. Манайд одоо хамгийн хөгшин нь 25-тай нэг гүү, 23-тай азарга байна. Манай анхны тахиудын нэг. Сүргийн тоо толгой азарганы хүч чадлаас хамаарна. Хүч сайтай байх тусмаа олон гүү хураана.

-  Хомын талд хэдэн сүрэг байдаг вэ?

- Бүтэц нь харилцан адилгүй, үржлийн арван сүрэг бий. Сүрэг авч чадаагүй азарга ч олон. Тэдгээрийг “Бачларууд” гэх буюу биеэр жижиг, залуухан, эсвэл гүүгээ хураалгасан хөгширсөн азарганууд ганцаар, хэд хэдээр нийлэхийг хэлж буй юм.

-  Монголоос гадна хаана тахь идээшдэг юм бол?

- Тахь бүх тивд тархсан. Австрали, Япон зэрэг орны амьтны хүрээлэнд цөөхөн байдаг ч Монгол шиг онгон зэрлэг байгальд нь нутагшуулсан нь үгүй. Дэлхийд нийт 2500 орчим тахь бий гэсэн судалгаа байдаг.

- Тахийг хамгийн сүүлийн зэрлэг адуу гэдэг. Тэгвэл эрээн тахь адууны омогт багтдаггүй юм уу?

-  Энэ талаар хэлмээр нэг зүйл байдаг нь хүмүүс, тэр дундаа хүүхдүүд тахь гэхээр “эрээн тахиар” л тэднийг төсөөлөөд байдаг. Энэ хоёр нь хэдийгээр нэг овогт багтдаг ч нэг нь адуу, нөгөөх нь илжигний төрөл зүйл юм. Түүхэн ойг угтан, сурагчдын дунд “Тахь ба байгаль хамгаалал нэртэй” гар зургийн уралдаан зарлахад олон хүүхэд эрээн тахийг зурсан байх жишээтэй. Боловсролын системд хүртэл үүнийг буруу тусгаж, цагаан толгойн номонд л гэхэд “Т” үсгэн дээр “Тахь” гэж бичээд zebra зурчихдаг. Zebra-г эрээн тахь ч гэж нэрлэмээргүй байгаа юм. Төрлөөр нь ойртуулах бол тахиас илүү хулантай төстэй шүү дээ. Хоёул илжигний зүйлд багтдаг болохоор сүүл, дуу хоолой нь л адилхан. Тэгэхээр манайд байхгүй zebra-д дэлхийд ганцхан, Монголд л заяасан тахийнхаа нэрийг наах шаарлага байхгүй.

- Тахь нутагшуулсан түүхэн ойгоо угтаж, ямар арга хэмжээ зохион байгуулж байна вэ?

- Түүхт ой болж буй учраас тэр дундаа хүүхдүүдэд хандсан байгаль орчныг хайрлан, хамгаалах чиглэлээр ажил өрнүүлж байна. Эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, ном бүтээл гаргах, ууган тахь хамгаалагч нараа алдаршуулах, өнгөрсөн 30 жилийн алдаа, оноо, амжилтаа дүгнэн тэмдэглэх болов уу. Олон улсад биднийг хүлээн зөвшөөрөх цөөн ажлын нэг нь тахийг амжилттай сэргээн нутагшуулсан явдал юм шүү дээ.

Дэлхийд тахь шиг том, хөхтөн амьтныг тив дамнуулан зөөж, нутагшуулсан тохиолдол ховор. Монголчууд өөрсдөө голлох үүрэг гүйцэтгэн, нутагшуулсан нь ч бидний бахархал. Молор эрдэнэ хэмээн морио дээдэлдэг шигээ онгон зэрлэгээрээ үлдсэн эл амьтнаа хайрлан, хамгаалах хэрэгтэй. Энэхүү үйлсэд сэтгэл зүрхээрээ оролцдог, тусалж дэмждэг хүн бүрт, мөн нутгийн зон олондоо, Монголынхоо ард түмэнд баярлалаа.

- Баярлалаа, танд амжилт хүсье.

 

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
  • Тахийн найз - [66.181.189.158]

    1 жилийн өмнө

    Олон улсад жижиг болохуйц шилдэг ажил болсон юм даа. Бие сэтгэл хүчээ өгсөн бүх хүмүүстээ талархана. Ялангуяа, хамгааллын шаталбар арга хэмжээг устаж байгаагаас ховор зэрэглэлд оруулсан том хөхтөн амьтан дэлхий дээр тун цөөхөн шүү. Амжилт

    Хариулах
    Love
    Cry
    Anger
    laughing
    thinking
    confused
  • Dahsa - [36.255.40.172]

    1 жилийн өмнө

    very Nice

    Хариулах
    Love
    Cry
    Anger
    laughing
    thinking
    confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол