01,Oct 2023
| Нийтэлсэн May 4, 7:07 | Эрүүл мэнд
Үндэсний статистикийн газар, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар, монголчуудын нас баралтын зонхилох шалтгааны нэгдүгээрт, зүрх, судасны өвчлөл, хоёрдугаарт, хорт хавдар, гуравдугаарт, гэнэтийн осол, эндэгдэл оржээ. Эдгээр өвчнүүдийн аль аль нь амьдралын буруу дадал хэвшил, хоололтоос ихэнх хувь нь шалтгаалдгийг эмч нар хэлдэг. Өөрөөр хэлбэл, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт үед нь илрүүлэн эмнэх боломжтой эмгэгүүдээр олон хүн хорвоог орхидог гэсэн үг. Улсын эмнэлгүүдийн дугаар дараалал, төлбөр мөнгөний боломжгүйгээс үүдэн иргэд жил бүр тогтмол оношилгоо, шинжилгээнд хамрагдаж чаддагүй байх нь ч бий.
Уг асуудлыг шийдэхээр тавдугаар сарын 1-нээс орон даяар иргэдийг эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээнд хамруулж буй. Ингэхдээ иргэдийг төрсөн сараар нь ангилж, хороо, сумын Өрхийн эрүүл мэндийн төвөөс нь урилга явуулахаас гадна зарим үзлэгийг хийнэ хэмээн мэдээлсэн.
Үүнийг сурвалжлахаар Хан-Уул дүүргийн зарим хорооны эмнэлгээр оров. Тус дүүргийн XVII хорооны эмнэлэгт урьдчилан сэргийлэх үзлэгийг хараахан эхлүүлээгүй тул мэдээлэл өгөх боломжгүй гэлээ.
Тус хорооны “Буянт манал” өрхийн эмнэлэгт харин нэлээд хөл хөдөлгөөнтэй байв. Үүдэнд хоёр жижүүр, сувилагч иргэдээс асуумж асуун, урилга тарааж байлаа. 14, 15 орчим насны хүүд хандан сувилагч “Бага насныхнаас авхуулаад олон асуумж асуух учир эгчийн дүү ээжийгээ дагуулаад хүрээд ирээрэй” гээд буцаасан.
“Буянт манал” өрхийн эмнэлгийн их эмч Э.Алтанцэцэг хорооны иргэд эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээндээ хэрхэн хамрагдаж байгаа талаар мэдээлэл өгсөн юм.
Тэрбээр “Эрт илрүүгийн үзлэг, шинжилгээний хүрээнд манай эмнэлэг дөрөвдүгээр сарын сүүлчээр бэлтгэл ажлаа хангаж эхэлсэн. Иргэдэд зар, мэдээлэл түгээж, хүлээн авахад зориулж, өрөө тасалгаа, багаж хэрэгслээ бэлдэн, эмч сувилагч нар өөрсдөө сургалтад хамрагдах, урилга зэргээ бэлдсэн. Манайх эрт илрүүлгийн дөрвөн багцаас гадна нэмээд хүүхдийн үзлэг хийнэ. 2-17 насны хүүхдүүдийг сургууль, цэцэрлэгт нь үзэж байна. Насанд хүрэгчдийг дараалал үүсгэх, аль аль талдаа чирэгдэл учруулахгүйн тулд өдөрт 7-10 хүнийг үзэх жишээтэй. Манай харьяаны иргэд дүүргийн эрүүл мэндийн төвийн Яармаг салбарт үзлэг, шинжилгээндээ хамрагдана. Насанд хүрэгчдийн нэг багцад 1-2 хүн хамруулах байдлаар нэрс гаргасан” гэлээ.
Дээрх эмнэлэгт иргэд төрсөн сардаа үзлэгт хамрагдах мөрдлөгийг баримтлахгүй байгааг хэлэв. Учир нь зарим сард төрсөн хүн цөөн байхад, зарим нь хэт олон гэх зэргээр харьцангуй хуваарилалт гарах магадлалтай тул иргэдийн боломж, хүсэлтийг давхар харгалзан үзэх гэнэ.
Мөн иргэд урилгаа өрхийн эмнэлгээсээ ирж авна. Үзлэгт хамрагдахдаа иргэний үнэмлэх, амбулаторийн үзлэгийн карт авч очино. Мөн эрүүл мэндийн даатгалаа заавал төлсөн байх шаардлагатай. Нийслэлийн иргэд доорх хуваарийн дагуу харьяа, дүүргийн эрүүл мэндийн төв болон эмнэлгүүдэд үзлэгтээ хамрагдана.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ