08,Dec 2023
| Нийтэлсэн Apr 25, 16:04 | НИЙГЭМ
Өнөөдөр Хумхаа өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр тохиож байна. Уг өвчин нь эгэл биет шимэгчээр дамжин үүсдэг, зоонозын хурц халдварт өвчин юм. Өвчилсөн тохиолдод өндөр халуурч, арьс салст шарлах зэрэг шинж тэмдэг илрэх бөгөөд цус багадан, элэг, дэлүү томрох эрсдэлтэй.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өнөө жил тус өдрийг “Инновацыг ашиглаж хумхаа өвчний өвчлөл, нас баралтыг бууруулъя” уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлж буй юм байна. Үүний хүрээнд шумуул, хортон шавж устгах сүүлийн үеийн техник, технологи нэвтрүүлэх замаар хумхаа өвчний оношилгоог сайжруулах, эм болон бусад хэрэгслийг өргөжүүлэх чиглэлд инновац, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг дэлхийн улс орнуудад уриалжээ.
Манай улсын Орхон, Туул, Онон, Балж, Улз, Хэрлэн, Халх голын сав нутагт хумхаагийн халдвар тараахад гол нөлөөтэй "A.maculipennis", "A.hyrcanis" бүлгийн шумуул тархсаныг судлаачид тэмдэглэсэн байдаг. Гэхдээ Монголд энэ өвчний өмнө нь бүртгэгдсэн тохиолдлууд бүгд зөөвөрлөгдөж, үүний улмаас нэг хүн нас баржээ.
Харин дэлхийн хэмжээнд жил бүр 10 мянга гаруй жуулчин хумхаагийн халдварт өртдөг гэсэн судалгаа бий. Мөн хоёр минут тутам дэлхийн хаана нэгтээ энэ өвчнөөр хүүхэд нас бардаг аж.
Хумхаагаас урьдчилан сэргийлэхийн тулд өвчин тээвэрлэгч шумуулд хазуулахаас болгоомжилж, урт ханцуйтай хувцас өмсөх, үргээгч бодис хэрэглэх, шимэгч дарангуйлах эмийг эмчийн зааврын дагуу хэрэглэх зэрэг арга хэмжээ аваарай.
Хумхаа өвчний үед дараах шинж тэмдэг илэрдэг байна. Үүнд:
Халуурах
Толгой өвдөх
Булчингаар өвдөх
Бөөлжих
Суулгах
Үе мөчөөр өвдөх зэрэг багтана.
Хэрэв та сүүлийн арав хоногт хумхаагийн өвчлөл өндөртэй гадаадын улс орноор аялсан, дээрх шинж тэмдэг илэрсэн бол эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандаарай.
Эх сурвалж: Зоонозын өвчин судлалын үндэсний төв
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ